Ц.Хасбаатар, К.Байкалов нарын дурсгалт хөшөөг сэргээн засварлана

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2017-11-28 23:35:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Ирэх онд тус аймгийн Толбо сум байгуулагдсаны 80 жилийн ой тохиох юм. Ойн баярыг угтан хэсэг залуус тус сумын төвд байрлах Ц.Хасбаатар, К.Байкалов нарын дурсгалт хөшөөг сэргээн засварлахаар болжээ.

Уг ажлыг Толбо сумын бүрэн дунд сургуулийн 1983 оны төгсөгчид санаачлан, аян өрнүүлж байгаа аж. Дурсгалт хөшөөг сэргээн засварлахад 29,9 сая төгрөг шаардагдаж байна. Аяны зохион байгуулагчдын нэг Х.Аманболын мэдээлснээр шаардагдах хөрөнгийг хандиваар босгохоор ажиллаж байгаа ажээ.
Засварын ажлыг ирэх оны эхний улиралд багтаан эхлүүлэхээр болжээ.

Дашрамд дурдахад, Ц.Хасбаатар, К.Байкалов нар нь 1921 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр эхэлсэн Толбо нуурын тулалдаан буюу тусгаар тогтнолын түүхэнд мөнхөрсөн цагаантны 3000 орчим цэргийн 43 хоногийн бүслэлтийг монголчуудын ялалтаар өндөрлүүлсэн цэргийн жанжид юм.

 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ