Өрх толгойлсон эмэгтэйг орон гэртэй болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-11-28 12:41:17
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын дөрөвдүгээр багийн иргэн өрх толгойлсон эмэгтэй Пүрэвжавын Даваадоржийг өөрийн гэсэн гэр оронтой болголоо. П.Даваадорж гуай өдгөө 45 настай, гурван хүүтэй бөгөөд хоёр том хүү нь Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг байна. Харин бага хүү Мягмарнаран энэ жил 15 настай, ээжтэйгээ хамт амьдардаг. Тэр хоёр айлын хашаанд, айлын жижиг гэрт олон жил амьдарчээ.

Аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч хошууч З.Баярсайхан тэднийг орон гэртэй болгох санааг анх санаачлан олон газар хандаж байжээ. Сайн санааны үзүүр шар тос гэдэгчлэн П.Даваадорж гуайд туслахаар “Бие даасан хөгжил”, “Булган хангай” зэрэг ТББ-ууд нэгдэж хандив цуглуулан ажилласан байна.

Тэд хандиваар долоо хоногийн дотор нийт 31 хүний 1,280,000 төгрөгийг цуглуулсан бөгөөд дээр нь 419300 төгрөг нэмж өрх толгойлсон эмэгтэй хүү хоёрт гэр авч өгсөн байна. Мөн Архангай аймгийн цагдаагийн газар гэр нүүлгэх хоёр фургон машин, бензин, ажиллах хүчээр тусалж, Junior natur investment  Банк бус санхүүгийн байгууллагын хамт олон хүүд хүрэм, гутал зэрэг хувцас бэлэглэжээ.

Харин дэмжиж ажилласан “Бие даасан хөгжил” ТББ-ын тэргүүлэгч гишүүн, Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдийн лам Б.Батбаяр гэрт нь ном уншиж, хадаг, цай өгч, галыг нь тахиж өгсөн байна. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ