“Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, сэтгэлд шингэсэн үйлчилгээ”сэдэвт сургалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-11-27 20:17:08

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт “Эмч, эмнэлгийн ажилтан” дэд хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын тогтоолоор хэрэгжүүлж эхлээд гурван сар болж байна. Хөтөлбөрийн хүрээнд “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, сэтгэлд шингэсэн үйлчилгээ” сэдэвт сургалтыг Нэгдсэн эмнэлэг, Шинэ нийгмийн эрүүл мэнд нийгэмлэгтэй хамтран зохион байгуулав.
Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн Эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч мэргэжилтнүүд, байгууллагуудын ёс зүйн багийнхныг оролцуулсан тус сургалт хоёр өдөр үргэлжиллээ. Сургалтаар Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Эрүүл мэндийн сайдын 446 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ” зэрэг баримт бичгийг  танилцуулж, байгууллагадаа тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх арга замаа тодорхойлох зэрэгт суралцжээ.
Сургалтыг удирдан явуулсан мэргэжилтэн хэлэхдээ, "Ёсзүйтэй хамт олныг төлөвшүүлэхэд хувь хүний оролцоо, сэтгэлд хүрсэн үйлчилгээг үзүүлэхэд багаар ажиллах нь чухал бөгөөд байгууллага тус бүр төлөвлөгөөтэй ажиллаж үр дүнд хүрэх шаардлагатай"-г онцолж байсан. Мөн цаашид ЭМГ-аас Хяналт үнэлгээ болон дэмжлэгт хяналтаар ажиллах баг нэгж байгууллагуудын ёсзүйн багийн үйл ажиллагаатай танилцах, ёсзүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр  ёсзүйн багийн төлөвлөгөөний дагуу хийсэн үйл ажиллагаатай танилцаж зөвлөмж өгч байхаар тогтжээ.
Сонирхуулахад, Эрүүл мэндийн салбарын тогтолцооны гажуудлыг арилгах, тэдэнд ээлтэй орчин бүрдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий "Эмч, эмнэлгийн ажилтан" хөтөлбөр Баянхонгор аймагт 2020 он хүртэл хэрэгжинэ. Тус салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлж, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчдын нийгмийн баталгааг хангах, мэдлэг ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх төлөвлөгөөт ажлууд мөн хугацаанд өрнөх аж.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ