Цагдаагийн газар ахлагч нарынхаа нийгмийн асуудлыг сайжруулахад анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-11-27 16:47:00
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас энэ оны дөрөвдүгээр улирлын ахлагч нарын зөвлөлгөөнөө зохион байгуулж, тэдэнд тулгарч байгаа нийгмийн асуудлуудын талаар хэлэлцлээ. Цагдаагийн газар нийт 130 гаруй алба хаагчтай, тэдээс 63 нь ахлагч юм байна.
Тэдний нийгмийн асуудал энэ удаад хөндөгдөж, ялангуяа суманд томилогдсон цагдаагийн алба хаагчийн ажиллаж амьдрах нөхцөл сайнгүй, ар гэрийн хүнд нь ажил олдоггүй зэрэг бэрхшээл байдаг байна. Энэ байдлыг сайжруулахад аймгийн Цагдаагийн газраас анхаарч ажиллахаар боллоо.

Аймгийн Засаг дарга, Цагдаагийн газар, сумдын хэсгийн төлөөлөгч нарын гурвалсан гэрээ байгуулдаг болсноос хойш сумдад ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдын ажиллаж, амьдрах нөхцөл сайжирсан гэж байна. Мөн аймгийн Цагдаагийн газраас ахлагч нарынхаа боловсролыг дээшлүүлэх, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хууль, эрх зүйн чиглэлээр их дээд сургуульд суралцуулдаг байна. Аймгийн Цагдаагийн газар энэ жил Хууль сахиулах их сургуульд дөрвөн ахлагчийг сургаж байгаа юм байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ