Зимбабвегийн шинэ Ерөнхийлөгч тангараг өргөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-11-25 10:01:45
ХАРАРЕ. /Шиньхуа/. Зимбабве улсын шинэ Ерөнхийлөгч Эммерсон Мнангагва баасан гарагт хэдэн мянган дэмжигчийнхээ өмнө тангараг өргөлөө гэж “Шиньхуа” агентлаг мэдээллээ.

Түүний тангараг өргөх ёслол нийслэл Хараре хот дахь 60 мянган хүний суудалтай Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон байна. Өдгөө 73 настай тэрбээр тангараг өргөснийхөө дараа үг хэлэхдээ “Би иргэн бүрийнхээ итгэлийг хүлээсэн ерөнхийлөгч болж, хямралд ороод буй эдийн засгаа сэргээхийн төлөө чадах бүхний хийнэ” гэжээ.

Зимбабве улсыг 37 жил удирдсан, 93 настай Роберт Мугабе улс төрчид болон цэргийнхний шахалтаар ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцрохыг 11 дүгээр сарын 21-нд зөвшөөрсөн билээ. Ингэснээр тус улсын дэд ерөнхийлөгч асан, “Зимбабвегийн Африкийн үндэсний холбоо–Эх оронч фронт” намын дарга Э.Мнангагва ерөнхийлөгч болж байгаа нь энэ юм.



Р.Мугабе европ гаралтай иргэдийг “уугуул иргэдээс газрыг нь булаан авсан ардын дайснууд” гэж нэрлэж, 2002 онд цагаан арьст 4000 фермерийг шоронд хорино гэж сүрдүүлэн улс орноосоо хөөн гаргасны хариуд Европын Холбоо /ЕХ/ Зимбабве улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан юм. Цагаан арьстнуудыг хөөн гаргаснаас хойш Зимбабвегийн хөдөө аж ахуйн салбар нь үндсэндээ бүрэн сүйрчээ. Үүний улмаас тус орон уруудах замдаа нэгэнт орсон байна. Ингэж явсаар 2008 он гэхэд инфляцийн түвшин 230 сая хувьд хүрч, нэг ширхэг талх 300 тэрбум зимбабве долларын үнэтэй болсон аж. Цөхрөнгөө барсан эрх баригчид үндэсний валютаасаа татгалзаж, оронд нь ам.доллар, юаниар тооцоо хийхээс өөр аргагүйд хүрчээ. Үүний зэрэгцээ авлига, ДОХ-ын халдвар, гэмт хэрэг, бэлгийн хүчирхийлэл газар авсан нь Зимбабве улсыг эдийн засгийн гүнзгий хямралд ороход нэрмээс болсон байна.

Саяхан явуулсан зарим судалгааны тайланд дурдсанаар, одоо тус улсын ард иргэдийн бараг 90 хувь нь ажилгүй байгаа аж.

Шинэ Ерөнхийлөгч Э.Мнангагва ЕХ-ны хориг арга хэмжээг цуцлуулж, ажлын байрыг бий болгож, авлигатай тэмцэх замаар эдийн засгийг сэргээнэ гэж зимбабвечууд найдаж байна.
Г.Доржханд
Холбоотой мэдээ