Экспортын бүтээгдэхүүнд "Хөтөлгөө морьтой" болохгүй бол эдийн засаг хүндэрсээр байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-11-23 17:53:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын экспортын 80 гаруй хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг бөгөөд үүнийг эвдэхэд бусад салбарууд идэвхтэй ажиллах хэрэгтэй байгааг Уул уурхайн бус экспортлогчдын үндэсний анхдугаар чуулганаар хэлэлцэв.

Мөн үеэр Монгол Улс цаасан дээр олон жил эдийн засгаа солонгорууллаа. Тиймээс экспортын бүтээгдэхүүнд хөтөлгөө морьтой болохгүй бол зөвхөн уул уурхайд дулдуйдвал үнийн хэлбэлзлээс болж эдийн засгийн хүндрэлд орох явдал байсаар байна гэдгийг мэргэжилтнүүд шүүмжилсэн юм.

Дээрх чуулганыг Зах зээлийн судлалын хүрээлэн Монголбанктай хамтран зохион байгуулав. Үндэсний чуулганы төлөөлөгчид уул уурхайн бус экспортыг дэмжих төрийн бодлого, санхүүжилтийн тогтолцоо, эрхзүйн орчин  болон экспортын дэд бүтэц, газарзүйн заалт, уламжлалт бус экспортыг дэмжин урамшуулах асуудлыг хөндөн ярилцсан юм.

Тодруулбал экспорт, худалдаа, тээвэр ложистик, хил гаалийн уялдаа холбоог сайжруулах  шаардлагатай  гэдэгт салбарынхан санал нэгдэв.

Түүнчлэн уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай манай улсын хувьд 2014-2015 онд тус салбарын бүтээгдэхүүний ханшийн уналт, экспорт эдийн засагт тодорхой хэмжээний бууралт авчирсан. Харин энэ үед хөдөө аж ахуйн салбар бодит өсөлтөөрөө эдийн засгийг тэтгэснийг тоон үзүүлэлтээр илтгэгчид тайлбарлсан юм. Энэ оны эдийн засгийн эерэг өсөлтийг  ОУВС-гийн хөтөлбөрийн нөлөө болон эрдэс бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний экспорт огцом нэмэгдсэнтэй холбоотой гэдгийг эдийн засагчид онцолж байв.  Гэсэн хэдий ч нэг бүтээгдэхүүн, нэг зах зээлээс хараат байгаа бодит нөхцлөө өөрчлөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гуравдагч оронтой эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж гадаадын үйлдвэрлэлийн технологи оруулж ирэх цаг болсон гэдэгт  чуулганы төлөөлөгчид төвлөрлөө. Улмаар уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсөхөд Монгол Улсын төсвийн орлого нэмэгдэж байгаа ч энэ нь хэтийн  амжилт биш түр зуурын үзэгдэл гэдгийг мэргэжилтнүүд тодотгосон юм. 

Манай улсад 1990-2016 онд нийт 112 орны 13 мянга  гаруй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байдаг. Гэвч үүний  80 хувийг 2008-2012 онуудад хийсэн бөгөөд хөрөнгө оруулалтын 72.5 хувь нь уул уурхайн салбарт оржээ.

Ийнхүү уул уурхайн салбарт их хэмжээний мөнгө эргэлдсэн ч эдийн засагт тэр дундаа өрхийн амьжиргаанд бодитоор нөлөөлсөнгүй. Тиймээс Монгол Улс зөвхөн уул уурхай хэмээн шүтэхгүйгээр бусад салбараа жигд хөгжүүлэхэд онцгойлон анхаарч, хөрөнгө оруулалтын бодлого-төлөвлөлтийг боловсронгуй болгох хэрэгтэй гэсэн санал санаачилгыг Уул уурхайн бус экспортлогчдын Үндэсний анхдугаар чуулганаас гаргалаа.
 
Б.Заяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ