Хэнтий ЦТСС-ын “Нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-11-23 13:04:28
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий Цахилгаан Түгээх Сүлжээ Салбарын хамт олон “Иргэдээ сонсоё- Асуултанд хариулъя” аяныхаа хүрээнд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж, Хэрлэн сумын хэрэглэгч олон нийтэд нээлттэй үйл ажиллагаа явууллаа.

Энэхүү өдөрлөгөөр цахилгаан эрчим хүчний үнэ тариф, найдваржилт, үйлчилгээний төлбөрийн талаар иргэдэд мэдээлэл өгсөн төдийгүй энэ өдөр дуудлага өгч, үйлчилгээ авсан бүх айл өрхөд үнэ төлбөргүй үйлчилсэн юм.

Мөн 2017 оны 11 дүгээр сарын нэгнээс 2018 оны нэгдүгээр сарын дөрөвнийг хүртэл хугацаанд хэрэгжих цахилгаан хэрэглэгч гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн тарифыг 50 хувь хөнгөлөх асуудлаар болон цахилгаан эрчим хүчний хоёр шатлалтай тоолуурын талаар танилцуулга мэдээлэл хийлээ. Түүнчлэн хог хаягдлын менежментийн асуудлаар Хэрлэн сумын Хот тохижилт ОНӨҮГ-ын дарга Г.Баатар иргэдэд мэдээлэл өгсөн юм.

Энэ жилийн хувьд Хэнтий аймагт цахилгааны таслалт харьцангуй олон хийгдсэн нь Улаанбаатар –Хэнтий чиглэлийн 600 гаруй км үргэлжилдэг дамжуулах шугамын засварын ажилтай холбоотой бөгөөд энэхүү засварын ажлыг хийхгүй байснаар өвлийн улиралд гэмтэл гарч, хөлдөлт үүсэх, гамшгийн хэмжээнд хүрэх эрсдэлтэй байдаг байна.

Тус хамт олон “Иргэдээ сонсоё- Асуултанд хариулъя” аяныхаа хүрээнд иргэд олон нийтэд чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа  аж.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ