Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16.9 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-11-22 17:27:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс орны эрүүл мэндийн гол үзүүлэлт нь эх, хүүхдийн эрүүл мэнд бөгөөд тодорхой арга хэмжээ хэрэгжүүлсний үр дүнд эх, хүүхдийн эндэгдэл буурч байгаа ч сэргийлж болох эндэгдэл байсаар байгааг эмч мэргэжилтнүүд өнөөдөр болсон “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” зөвлөгөөний үеэр онцлов.

Эхийн эндэгдлийн тохиолдол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15, нярайн эндэгдэл 81, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 372 тохиолдлоор буурсан байна.

2016 онд эх барихын шууд бус шалтгаанаар эндсэн эхчүүдийн дотор зүрх судасны өвчлөл 31.3 хувь, төв мэдрэлийн тогтолцоо 25 хувь, амьсгалын эрхтэн тогтолцоо 12.5 хувь, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хавсарсан эмгэгээр /12.5 хувь/ зонхилох гурван шалтгаанд орж байна. Иймээс нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд жирэмслэлтэд бэлтгэх, жирэмслэхээс өмнө архаг, суурь өвчнийг эмчлүүлж, эрүүлжих шаардлагатайг эмч нар хэллээ.  

Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээний үр дүнд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 2015 оны 10 сарын байдлаар 17.9 хувь байсан бол 2016 онд 21.3 хувиар өсч, 2017 оны 10 сарын байдлаар 16.9 хувиар буурчээ.

Эх, нярай, хүүхдийн эндэгдлийн дийлэнх нь урьдчилан сэргийлэх боломжтой эндэгдэл байгаа нь бүх салбар, байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, гэр бүл, олон нийтийн оролцоог хангах, нотолгоонд суурилсан, чанартай, үр дүнтэй эрүүл мэндийн тусламжийг эх, хүүхэд бүрт хүргэх эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, хүрэлцэхүйц хэмжээний хөрөнгө оруулалт хийх,  эх барих, нярай, хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээнд анхаарч, стандарт, заавар, журмыг чанд мөрдөж ажиллах шаардлагатай байгааг зөвлөгөөнд оролцогчид хэлж байв.
Ж.Болор
Холбоотой мэдээ