Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг төлөвшүүлэхэд философичдын оролцоо чухал

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-11-16 14:03:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын нийгмийн хөгжлийн үзэл баримтлал, үндэсний хөгжлийн загварыг эргэн харж шинэчлэх шаардлагатай. Ингэхдээ монголын нийгмийн хөгжлийн асуудлаар судалгаа хийдэг эрдэмтдээ түшиглэх нь чухал” хэмээн “Тогтвортой хөгжил:Оюуны соёл” эрдэм шинжилгээний бага хурлын үеэр МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн багш Р.Дарьхүү онцлов.
 
Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй тус хурлыг ШУА-ийн Философийн хүрээлэн, ЮНЕСКО-гийн Mонголын Үндэсний комисстой хамтран жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн пүрэв гарагт тэмдэглэж ирсэн уламжлалтай. 
2016 онд УИХ-аар "Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030" хөтөлбөрийг баталсан. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд философчдын оролцоо шаардлагатай, түүнчлэн философийн мэдлэг ухаан, арга зарчмыг нийтээр эзэмишх нь тодорхой болсон. Тиймээс энэхүү хурлаар эрдэмтэн судлаачид монголын өнөөгийн нийгмийн бодит байдал, цаашдын тогтвортой хөгжлийн асуудлыг оюуны соёлын хүрээнд авч үзэн, тус чиглэлийн судалгаа шинжилгээний ажлыг хэлэлцүүлэв.

Хуралд оролцогчид тогтвортой хөгжлийн асуудлыг философийн үүднээс шинжилсэн, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг монголын оюуны соёлын үнэт зүйлс, үндэсний онцлог, сэтгэлгээний өв уламжлалдаа нийцүүлэн бүтээлчээр хэрэглэх боломжтойг хэлж байв.
 
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор /Sc.D/, профессор Ш.Ариунаа “Орчин үеийн оюуны соёл: Урлагийн философи” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр, “Монголчууд эрт үеэс урлаг, уран сайхан гэдэг ойлголтоор дамжуулан оюуны соёлыг өндөрт авч явж байсан уламжлалтай. Тухайлбал, уртын дуугаар уул тал, ус, байгаль эх дэлхийтэйгээ харьцаж түүгээрээ оюунаа тэжээж, амьдралынхаа утга учрыг тодорхойлж ирсэн баялаг уламжлалтай. Урлагийн уламжлалт сэтгэлгээ, шүүмжлэл, шинэ төсөөлөл, хандлага, урсгал, үзэл баримтлал, урлагийн хөгжилд нөлөөлж буй хүчин зүйл, учир шалтгаан асуудал нь урлагийн философийн судалгааны ач холбогдол, үүргийг улам бүр тодотгодог. Уран бүтээлчдийн бүтээл нь түүний сэрэл мэдрэмж, сэтгэлгээ, цаг үеийн илэрхийлэл, нийгмийн хэсэг, бүлэг давхаргад зориулсан философийн тусгал болно. Урлагийн философи нь бүтээлийг шинжилж, уран бүтээлчийг ойлгох, таних, мөн чанарыг дэлгэн харуулах арга хэрэгсэл байх болно” гэв.
 
Отгонтэнгэр их сургуулийн докторант Ч.Ичинхорлоо “Нийгмийн гоо сайхны соёл тогтвортой хөгжлийн үндэс болох нь” илтгэлдээ "Хүнийг өвөрмөц оюуны амьдралтай, онцгой хүн болгох зориулалттай утгын их баялаг уламжлалттай сонгодог, ардын үндэсний соёл урлаг гадаадын жуулчдын нүдийг хужирлах бизнес брэнд болсон. Харин тэдгээрийг төрийн урт хугацааны, суурь бодлогоор дэмжихгүй байгаа нь цаашлаад оюун санааны дархлаа тогтоох үндэсний хэрэгцээ шаардлагыг хангахгүй болох хандлагатай байна. Одоо үед гоо сайхны соёл нь идэвхтэй, бүтээлч, эх орныхоо хувь заяанд хариуцлагатай ханддаг, үнэнийг төөрөгдлөөс, сайныг муугаас, үлэмж сайхныг үлэмж муухайгаас, жинхэнэ уран сайхныг хиймэл завхруулгаас, мөнхийг түр зуурынхаас ялган салган чаддаг оюунлаг хүнийг төлөвшүүлэх механизм болж байна” хэмээсэн юм.
 
 
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ