ТҮГ-ийн ажилчдад орон нутгийн төсвөөс тэтгэмж олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-11-11 20:23:07
Өвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэж, төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор болсон.
Үүнтэй холбогдуулан “Арвайхээр ОНӨААТҮГ”-ын дарга Д.Сүх-Өлзий аймгийн Засаг даргад хандан ажилчдаа 300 мянган төгрөгийн тэтгэмжинд хамруулах хүсэлтэй байгаагаа хэллээ.
УИХ-аас баталсан шийдвэрт орон нутгийн өмчит компаниудын ажилчдыг хамруулаагүй ч аймгийн Засаг дарга Г.Ганболд тэдэнд тэтгэмж өгөх ёстой хэмээн үзэж орон нутгийн төсвөөс зохицуулж олгохоор боллоо.
Энэ шийдвэрийн дагуу Арвайхээр ТҮГ, Хархорин ТҮГ, Хуримын ордон зэрэг байгууллагуудын 100 гаруй ажилтанд олгох 30 гаруй сая төгрөгийг 2018 оны төсөвт суулгахаар болжээ. Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь төсвөөс татаас авалгүй орлогоороо зарлагаа нөхөх ёстой ч тийм боломж байдаггүй, ажилчдын цалин урамшуулал, байгууллагын зардлыг аймгийн төсвөөс авдаг аж.
Дашрамд дурдахад 2015 оны их хямралаар төрийн албан хаагчдын цалин, орон тоог 10 хувь танах үед Өвөрхангай аймаг 300 гаруй албан хаагчийг ажлаас нь гаргаагүй бөгөөд тэдний жилийн цалин болох 1,5 тэрбум гаруй төгрөгийг орон нутгийн төсвөөс “дааж” яваа. Тиймээс нэг удаагийн тэтгэмж болох 300 мянган төгрөгийг ч аймгийн төсвөөс олгох болж байгаа юм. Цаашид төрийн албан хаагчийн цалин нэмэгдэх болвол дээрх байгууллагын тухайд аймгаас байнга шйидэж байх боломжгүй болно гэдгийг аймгийн Засаг дарга хэлж байлаа.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ