“Ногоон технологитой хороо” төсөлд шалгарсан хороодод батламж гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-11-10 09:43:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас хэрэгжүүлж буй “Ногоон технологитой хороо” төсөлд шалгарсан хороодод Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр батламж гардуулав.

Уг төсөл нь гэр хорооллын суурьшлын бүсэд агаар болон хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэхэд иргэдээс гарсан шинэ санал санаачилгыг дэмжиж, дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх зорилготой юм.

“Ногоон технологитой хороо” төсөл нь сэргээгдэх эрчим хүч, зуухны шүүлтүүр, цахилгаан халаагуур болон тохижилт гэсэн үндсэн дөрвөн төрлөөс бүрдсэн. Сэргээгдэх эрчим хүч төрөлд Сонгинохайрхан дүүргийн 28, Хан-Уул дүүргийн 14 болон Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо шалгарсан байна. Дээрх хороод 20 гаруй айлын цахилгааны хэрэглээг нарны эрчим хүч цуглуулах хавтангаар шийдвэрлэжээ. 

Мөн Зуухны шүүлтүүрийн төрөлд Баянгол дүүргийн 46 дугаар сургууль шалгарсан байна. Тус сургууль нам даралтын зуухандаа синтетик платин катализатор буюу зуухны хорт утааг шүүгч суурилуулжээ.

Баянзүрх дүүргийн 2, Чингэлтэй дүүргийн 13, Сүхбаатар дүүргийн 16, Сонгинохайрхан дүүргийн 31 болон Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хороо Цахилгаан халаагуурын төрөлд тэргүүлсэн байна. Дээрх хороод нийт 40 айлд Монгол инженерүүдийн зохион бүтээсэн хэт ягаан туяаны цахилгаан халаагуур суурилуулсан аж.

Харин тохижилтийн төрөлд Сүхбаатар дүүргийн 19, 16, 1, 17, 12, 20, 15, 2 хороо, Хан-Уул дүүргийн 13, Баянгол дүүргийн 9, 14, 21 дүгээр хороо тэргүүлжээ. Эдгээр хороо гудамж, талбайдаа нарны эрчим хүчээр ажилладаг гэрэлтүүлэг суурилуулсан байна.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ