Шинэ нисэх буудлыг 2018 онд ашиглалтад оруулах шаардлагатай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-11-09 14:23:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр Японы Мицубиши корпорацийн Дэд бүтэц, байгаль орчны бизнесийн группын тээврийн дэд бүтцийн албаны захирал Нарүсэ Такүжи, Шинэ нисэх буудал барих төслийн удирдагч Накаи Фүмио нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдаж буй Шинэ нисэх буудлыг цаг хугацаанд нь ашиглалтад оруулах, Монгол Улс болон Мицубиши корпорацийн хөрөнгө оруулалт, хувь эзэмшил, менежментийн асуудлын талаар ярилцлаа.

Шинэ нисэх буудал нь олон улсын нислэг, зорчигчдын тоог нэмж, аялал жуулчлалыг хөгжүүлэх Монгол Улсын үүд  хаалга байх ёстой хэмээн Ж.Бат-Эрдэнэ сайд уулзалтын эхэнд онцлов. Тэрбээр, “Нисэх буудлын үйл ажиллагааны аливаа хураамж татварыг  олон улсын стандартад нийцүүлэх, хэт өндөр тогтоохгүй байх хэрэгтэй. Түүнчлэн нисэх буудалд ажиллах 1000 орчим хүний ажиллах, амьдрах орчин нөхцөл, зорчигчдын ая тухтай байдлыг хангах зэргийг олон улсын стандартад нийцүүлэх нь туйлын чухал. Нисэх буудлыг 2018 онд багтаан ашиглалтад оруулах хэрэгтэй” хэмээв.

Мицубиши корпорацийн төлөөлөгчдийн зүгээс Ж.Бат-Эрдэнэ сайдын саналыг хүлээн авч татвар, хураамжийг нэмэхгүй байхад анхаарна гэдгээ илэрхийлэв. Мөн гаднаас ирэх нислэг, зорчигчдын тоог нэмэх чиглэлд Монголын Засгийн газар дэмжлэг үзүүлэхийг хүсээд нисэх буудлыг хугацаанд нь ашиглалталд хүлээлгэн өгөхийн төлөө хичээнгүйлэн ажиллана гэлээ.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ