Жирэмсний хяналтыг сайжруулах аян зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-11-08 18:16:00
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Эмэгтэйчүүд жирэмсэн болсноо мэдсэн тэр үеэс эхлэн оршин суугаа газрын харъяа эмнэлэгт  бүртгүүлэн эмчийн хяналтанд орох ёстой. Жирэмсний хяналтанд эрт орж тогтмол үзүүлж байх нь эх, хүүхдийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Харин хяналтанд ороогүйгээс шалтгаалсан олон хүндрэлүүд гарч болох бөгөөд улмаар эх хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюултай. Тиймээс аймгийн Эрүүл мэндийн газраас “Жирэмсний хяналтыг сайжруулъя” аян зарлажээ.

Дээрх аяны хүрээнд сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн жирэмсний хяналт, АНЭ-ийн төрөх тасаг, кабинетуудын үйл ажиллагаа, эхэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн үзлэг, бүртгэл судалгааг сайжруулахыг зорьж байна.

"Аймгийн хэмжээнд жилд 1200-1400 эх амарждаг. Үүний 50-60 хувь нь эмгэг төрлөг байдаг. Эмгэг төрлөг гэдэг нь өвдөлтөнд нөлөөлөх эм тариа хэрэглэх эсвэл хагалгаагаар төрөхийг хэлдэг. Жирэмсний хяналтын тухайд манай аймгийн хувьд харьцангуй гайгүй. Нийт амаржиж байгаа эхийн 90 хувь нь жирэмсний хяналтандаа эрт орсон байдаг бол үлдсэн 5-10 хувь нь хяналтандаа орой орсон эсвэл огт ороогүй байдаг. Ер нь жирэмсэн эхчүүд эрт хяналтандаа ороогүйгээс болж архаг хууч өвчнөө мэдэхгүй байх, улмаар тухайн өвчин нь урагт нөлөөлөх гээд эрсдэл ихтэй. Үүнээс үүдээд хүндрэлтэй төрөх явдал гардаг ” гэдгийг Аймгийн нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн эрхлэгч, их эмч Г.Энэбиш хэллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 78 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 247, 2013 оны 207, 2014 оны 338, 390, 335 дугаар тушаалуудын хэрэгжилтийг сайжруулах, хяналт тавих ажлын хүрээнд тус аяныг зарлажээ. Аян 11 дүгээр сарын 01-нээс эхлэн 14 хоногийн хугацаанд хэрэгжих аж.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ