ОХУ-аас хоёр дахь удаагийн малын вакцин оруулж ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-11-07 11:29:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам ОХУ-ын Бүх холбоотын мал амьтны эрүүл мэндийн төвтэй хийсэн гэрээний дагуу шүлхий болон бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх  5.1 тэрбум төгрөгийн вакцин оруулж ирэхээр болсон. Энэ хүрээнд ОХУ-аас 15 сая тун вакциныг 337.5 мянган ам.доллараар худалдан авч, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан зэрэг таван аймаг руу хүргүүлж эхэллээ.

Дээрх 15 сая тун  вакцины 9.6 сая тунг улсын нөөцөд авчээ. Харин үлдсэн 5,4 сая тунг баруун таван аймагт хуваарилан хүргүүлэх ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Мал эмнэлэг, үржлийн газраас зохион байгуулж байна. Олон улсын стандартад нийцсэн уг вакциныг малд  хийснээр мялзан өвчний дархлаа тогтоож, өвчнийг 5 жил хяналтад авах боломжтойг мэргэжилтнүүд хэлж байна. 

2016 онд  дэгдсэн мялзан өвчнөөр 12996 бог мал, 2017 онд 5500 орчим толгой Монгол бөхөн хорогджээ.

Б.Заяа

         
Холбоотой мэдээ