Ан Сан Су Чи Ракхайн мужид гэнэтийн айлчлал хийж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-11-02 15:03:33
СИТТВЕ. /Ройтерс/. Мьянмарын удирдагч Ан Сан Су Чи хүчирхийлэлд нэрвэгдсэн Ракхайн мужийн нөхцөл байдалтай анх удаагаа биечлэн танилцаж байна.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, Нобелийн Энх тайвны шагналт хатагтай Ан Сан Су Чи өнөө өглөө Ракхайн мужийн төв Ситтве хотод цэргийн нисдэг тэргээр буужээ. Түүнийг 20 гаруй албаны хүн дагалдан явж байгаа аж. Тэрбээр тус мужид очно гэдгээ урьдчилан мэдэгдээгүй гэнэ.

Мьянмарын үндэстний цөөнх болох лалын шашинт рохинжачуудын эсрэг аюулаас хамгаалах албаны зүгээс хүч хэрэглэж байгааг зогсоосонгүй гэж дэлхий дахин түүнийг шүүмжилж байгаа юм. НҮБ болон олон улсын төрийн бус байгууллагууд “Мьянмарт үндэстний цөөнхийн цэвэрлэгээ хийж байна” гэж нэг бус удаа мэдэгдсэн билээ.



Энэ оны наймдугаар сарын сүүлчээр тус мужид есөн цагдааг хөнөөсөн хэрэг гарсан юм. Уг хэргийг рохинжа босогчид үйлдсэн гэж Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхэн үзэж, босогчдыг дарахаар цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш 600 мянга орчим энгийн номхон рохинжа иргэн хөрш Бангладеш улс руу дүрвээд байна.

Аюулаас хамгаалах хүчнийхэн рохижанчуудын тосгодыг галдан шатааж, охид эмэгтэйчүүдийг нь хүчирхийлж, эрэгтэйчүүдийг нь хөнөөж байна гэж нүдээр харсан гэрчүүд, сэтгүүлчид болон дүрвэгсдийн хэлснийг эх сурвалжууд иш татан мэдээлж байсан билээ. Харин Мьянмарын Засгийн газар эрс үгүйсгэн няцаасаар байгаа юм.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ