Ахуйн хогоо ялгаж хаях сав байршуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөрөн сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт "Эрүүл ногоон Мөрөн" дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан байна. Хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийтийн эзэмшлийн байрны гадна талбайд хогийн сав байршуулж эхэллээ.
Энэхүү сав нь хогийг ангилж хаяхаар зориулж хийсэн учир иргэдийг хогоо ялгаж хаяхыг холбогдох газрууд анхаарууллаа. Хогийн савыг найман цэгт байршуулах гэнэ.
Сүүлийн жилүүдэд Хөвсгөл аймаг нийслэлтэй засмал замаар холбогдсоноос хойш хоймор нутгийг зорих гадаад дотоодын жуулчдын тоо эрс нэмэгдсэн байна. Хөвсгөл нуурыг зорин ирж буй иргэд Мөрөн сумыг дайран өнгөрдөг учраас хоггүй, цэвэр, эрүүл, ногоон хот болох хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага урган гарч, энэ хүрээнд тодорхой үе шаттай ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.
Б.Гантуяа