Насанд хүрэгчид бичиг үсэг сурахад гар утас эерэг нөлөө үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-30 11:39:25

Хэнтий /МОНЦАМЭ/. Албан бус боловсролын төв гэх их айл үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой 2017 онд тохиож байна. Энэ байгууллагын салбар болох Хэнтий аймгийн "Насан туршийн боловсрол"-ын төвийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авахаар захирал Г.Дашдаваатай уулзаж ярилцлаа.
Насан туршийн боловсролын төв нь Хэнтий аймгийн төвд 10 хүний орон тоотой, сумдад сургуулиудаа түшиглэсэн тус бүр нэг багштайгаар үйл ажиллагаа явуулж байна. Сургуулиас завсардсан, бичиг үсгийн боловсролгүй иргэдэд боловсрол олгох зорилготой энэхүү байгууллага сум орон нутаг, багуудын нийгмийн ажилтнаар дамжуулан сургалтад хамрагдах хүүхэд, насанд хүрэгчдийн судалгааг авсны дагуу өдрийн бус ангиар бага, дунд, бүрэн дунд боловсролыг олгодог аж.

Тус төв нь иргэний, гоо зүй-мэдрэмжийн, гэр бүлийн, амьдрах ухааны болон ёс суртахуун-төлөвшлийн боловсрол гэсэн таван чиглэлийн 73 сургалтыг хийж байна. Уг сургалтад албан байгууллага, иргэд, хүүхдүүд хамрагддаг бөгөөд тус төвийн багш нар сургалтын танхимдаа болон албан байгууллагаар очин сургалтыг явуулах боломжтой юм байна.

Насанд хүрэгчдэд сургалт хийхдээ тухайн хүний сонирхолд тулгуурлан өөрт нь тохирсон арга барилыг хэрэглэдэг байна. Уг сургалтад цэргийн албанд мордохоор үзлэгт орж байгаа залуус болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хорих ангид хүмүүжигчдээс бичиг үсэг мэдэхгүй иргэдийг ихэвчлэн хамруулдаг юм.

Сүүлийн үед насанд хүрсэн иргэд гар утсаараа мессеж бичих болсноор бичиг үсэг хурдан сурч байгаа гэнэ. Тус төвд суралцагчдын хамгийн ахмад нь 61 настай бол хамгийн бага нь 6 настай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд аж. Зургаан настай хүүхдийг эхлээд нийгэмшүүлсний дараа дохионы хэл сургаж, одоо үндсэн хичээл орж байгаа юм байна. Цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нэмэгдэх хандлагатай байгаа учраас багш нар нь ч  дохионы хэл сурч эхэлжээ.

2017 оны хичээлийн жилд тус аймгийн Чингис хотод бага, дунд бүлгийн хоёр анги холимог бүлгээр Тэмүүжин цогцолбор сургуульд, мөн танхимаар Бор-Өндөр цогцолбор сургуульд нэг анги хичээллэж байна. Одоогийн байдлаар нийт 410 гаруй хүүхэд, насанд хүрэгсэд тус төвийн сургалтад хамрагдаж байгаа аж. Цаашид тус төвөөс сургалтуудаа эрчимжүүлэн боловсронгуй болгож, ард иргэдэд хүргэх, багш нарын чадварыг нэмэгдүүлэх, давхар мэргэшүүлэх зорилго тавин ажиллаж байгаа юм байна.

"Албан бус боловсролын төв үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд багш нарынхаа дунд ур чадварын уралдаан зарлан явуулж, Баян-Овоо сумын багш Ш.Нарантуяа шалгаран, улсын чанартай тэмцээнд оролцож байна" хэмээн тус төвийн захирал Г.Дашдаваа ярилаа.


Тэрбээр МУИС-ийг физикч мэргэжлээр төгсөөд 1985 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд физикийн багшаар томилогдон, ажлын гараагаа эхэлснээс хойш тасралтгүй боловсролын салбарт ажиллаж байна. Г.Дашдаваа нь 1988 оноос Баян-Овоо сумын сургуулийн захирлаар, 1991 оноос Биндэр сумын сургуулийн эрхлэгчээр, 1998 оноос Баян-Адрага сумын сургуулийн захирлаар, 2002 оноос Хэрлэн нэгдүгээр сургуулийн багш, сургалтын менежерээр, 2006 оноос Боловсрол, соёл урлагийн газрын даргаар ажиллаж байгаад, 2014 онд Насан туршийн боловсролын төвийг тус газраас өрх тусгаарлан, захирлаар ажиллах болжээ.

Дашрамд дуулгахад, 1997 онд "Албан бус боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр" батлагдсанаар албан бус боловсролын тогтолцоо бий болж, 2012 оноос шинэчлэлийн Засгийн газрын бодлогын хүрээнд Насан туршийн боловсролын тогтолцоо болон өргөжин хөгжжээ.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ