Ноос ноолуур зэрэгт олгодог урамшууллыг авч чадахгүй байна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 13:35:17

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын тавдугаар багийн өдөрлөг Баянзүрхийн өвөлжөөнд тайлан тоглолт, уулзалт маягаар зохион байгуулагдлаа гэж сумын засаг дарга Ж.Силамбол мэдээллээ.

Тус багийн мал сүрэг тавтай тухтай өвөлжиж эхэлсэн, малын зүй бусын хорогдол гараагүй, паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажил явагдаж байна. Өдөрлөгөөр урлагийн тоглолт, биеийн тамирын уралдаан тэмцээнүүд зохиогдсоны дээр багийн иргэд цахилгаан гэрэлтэй золгосондоо төр засаг, аймаг, сумын удирдлагууддаа талархаж байгаагаа илэрхийлэхийн хажуугаар дутагдаж байгаа зүйлүүдээ ч илэн далангүй ярилаа. Тухайлбал мөнгөгүйн улмаас зарим нь хүүхдүүдээ их дээд сургуульд суралцуулах боломжгүй болсон, сургуулиа төгсөөд ирсэн нь ажилгүй болдогт сэтгэл дундуур байна.

Мөн ноос ноолуур, арьс шир зэрэг мал аж ахуйн бүтээгдэхүүнд олгодог байсан урамшууллыг авч чадахгүй байна. Өдөрлөгт урилгаар оролцсон аймгийн МАН-ын төлөөлөгчид аймаг, улс орны байдлыг тодорхой баримтуудаар ярьж танилцуулсанд сэтгэл хангалуун байгаагаа хэлээд сонгуулийн сурталчилгааны үед нэр дэвшигчид хийж бүтээчихсэн олигтой юмгүй мөртлөө ар араасаа цувран ирж өөрсдийгөө дөвийлгөн магтдагт олон түмэн залхлаа гэдгийг ч нуусангүй гэнэ.  

Ш.Айзаря

Холбоотой мэдээ