“Ирвэсний эх нутаг” наадмыг ирэх онд Баян-Өлгийд зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-27 13:50:58

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. “Цоохор ирвэс хамгаалах Бишкекийн тунхаглал”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар орон нутгийн холбогдох байгууллагуудтай хамтран “Ирвэсний эх нутаг-2017” наадмыг энэ сарын 22, 23-ны өдрүүдэд  Увс аймгийн Улаангом хотод зохион байгуулсан юм.

Уг арга хэмжээнд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн 27 сумын 250 хүүхэд, 50 гаруй багш оролцжээ. Мөн Оросын Холбооны Улсын Алтайн Бүгд Найрамдах Улс, Тува Улсаас зочид ирсэн байна. Өдөрлөгт Баян-Өлгий аймгийн Алтай, Цэнгэл, Дэлүүн, Ногооннуур, Өлгий сумын хоёрдугаар болон «Зайд» бүрэн дунд сургуулиас  60 сурагч, 11 багш хамрагджээ.

Арга хэмжээний хүрээнд "Ирвэсээ хамгаалъя" цахим хичээл, бэлэг дурсгал, гар зураг, шторкны уралдаанууд явагдахад тус аймгийн сурагчид багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарчээ.
Түүнчлэн зохион байгуулагчдын шийдвэрээр Цоохор ирвэсний наадмыг 2018 онд Баян-Өлгий аймагт тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ