Г.Бямбаа:Баталж гаргасан хөтөлбөрүүдээ алхам алхмаар ажил хэрэг болгох ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-10-26 14:15:04
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсад Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсэн бий болсны 25 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаатай уулзаж, түүний удирдан чиглүүлж яваа хурлын байгууллагын ажил үйлсийн талаар сонирхолтой яриа өрнүүлсэнээ уншигч та бүхэндээ толилуулья.
-Сайн байна уу, та. Сайхан намаржиж байна уу? Юуны өмнө танд Монгол Улсад Нутгийн удирдлагын байгууллага үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
-За баярлалаа. Сайхан намаржиж байна. Сэлэнгэ нутагт маань хэдийгээр зуншлага оройтсон ч зуны дунд сараас хойш бороо орж, газрын гарц сайжирч, тариаланчид, ногоочид маань ургацаа хурааж үндсэндээ дуусаад байна. Энэ жилийн хувьд төдийлөн төлөвлөсөн хэмжээндээ хүрээгүй ч чамлахааргүй ургац хураан авлаа. Хэдийгээр Сэлэнгэ аймаг маань өмнөх жилүүдээ бодвол бага ч гэлээ га-гаас 11 цн ургац хураагаад байгаа. Одоогийн байдлаар тосны ургамлын дүн хараахан гараагүй, бусад ургац хураалтын ажил үндсэндээ дууслаа гэсэн дүн мэдээтэй байна. Малчид хадлан тэжээлээ базааж өвлийн бэлтгэлээ бүрэн хангасан, гантай байсан газрууд гангүй байгаа сумдаас болон гадны бусад аймгуудаас боломжийн хэрээр хадлан тэжээлээ базааж аваад байна. 
Нутгийн удирдлагын байгууллагын тухайд Үндсэн хуульд зааснаар Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох ИТХ, орон нутагт төрийн удирдлагыг хэрэгжүүлэх Засаг дарга хоёрын хоорондын хосолсон удирдлага юм. Энэ хоёр байгууллага хуулиар олгогдсон өөр өөрийн чиг үүрэгтэй. Нутгийн өөрөө удирдах ёс болох ИТХ-ын чиг үүргийн тухайд бол нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн, амьдралын ямар ч асуудлыг хуульд нийцүүлэн бие даан шийдүүлэх явдал гэж үздэг. Үндсэндээ хуулиар хориглоогүй нийгмийн бүх асуудлыг аймаг орон нутагтаа бүрэн шийдвэр гаргах ийм чиг үүрэгтэй байгууллага юм л даа. ИТХ нь Засаг даргад нэр дэвшүүлэх, томилох, огцруулах, санал гаргах эрхтэй. Мөн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг нь хэлэлцэж, үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгөх, хууль тогтоомж, хурлын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг Засаг дарга хэрхэн зохион байгуулж байна гэдгийг шалган үнэлгээ өгөх бүрэн эрхтэй. Энэ хүрээнд аймгийн Засаг даргатайгаа харьцаж ажилладаг хууль ёсны ийм заалттай. Засаг дарга нь хуралд асуудал санаачлан оруулах, хурлын тэргүүлэгчдээс гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнг нь тайлагнадаг үүрэгтэй. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг аймгийн ИТХ баталдаг юм. Мөн энэ баталсан мөрийн хөтөлбөрийг жил жилээр нь аймгийн Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл болгон жил жилээр нь гаргаж батлуулдаг ёстой. Үүнд тохирсон төсөв хөрөнгийг аймгийн ИТХ баталж, өгч хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нь оруулдаг ийм л чиг үүргийн байгууллага юм даа.      
-Нутгийн өөрөө удирдах ёс хөгжсөнөөр төрийн болон иргэд өөрийн амьдрал ахуйтай холбогдсон асуудлыг шийдвэрлэхэд илүү боломж бүрдсэн болов уу. Тэгэхээр Нутгийн өөрөө удирдах байгууллагын гаргаж буй тогтоол, шийдвэр нь Орон нутгийн бодит хэрэгцээ, шаардлагатай хэрхэн уялдан гардаг гэж та бодож байна вэ?
-1992 оны шинэ Үндсэн хуулиар нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь ИТХ гэж зааж өгсөн. Үүнээс хойш 25 жил өнгөрчээ. Тэгэхээр энэ хугацаанд НӨУЁБ нь хөгжиж, төлөвшиж өөрийн гэсэн шинэ түүх, шинэ үнэт зүйлийг бий болгож чадсан байна. Энэ ч утгаараа эхэн үедээ хурал хэрэгтэй юу, үгүй юу, байх уу, байхгүй юу тухай ярьдаг байсан бол одоо иргэд маань бидний сонгож байгуулсан байгууллага, бидний эрх ашгийг хамгаалдаг, бидний амьдрал ахуйтай холбоотой асуудлыг шийдвэрлэдэг байгууллага гэж ойлгодог, итгэдэг, хандаж асуудлаа тавьдаг, санал хүсэлтээ хэлдэг, үйл ажиллагаанд нь оролцдог болсон байна. Тийм ч учраас иргэдээ сонсдог, тэдний санал хүсэлтийг нь авдаг, хүсэн хүлээж байгаа асуудлыг нь шийдвэрлэхийн төлөө санаачилга гарган ажиллаж байгаа. Бид ингэх ч үүрэгтэй. Өөрөөр хэлбэл аймгийн иргэдийн хүсэл эрмэлзэл, санал бодолд тулгуурласан Сэлэнгэ аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого шийдвэрийг аймгийн ИТХ-аас гарган ажиллаж байна гэж хэлэх байна. Ер нь аймгийн Засаг даргын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр гэдэг бол тухайн ялсан намын сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр дээр үндэслэгдсэн байдаг. Энэ мөрийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрч, олонх болгож өгсөн иргэдийн санаа бодол энд бүрэн туссан гэж хэлж болно. Яагаад гэвэл энэ мөрийн хөтөлбөр дээр үндэслэгдэж тухайн үед нь аймгийн Засаг дарга дахин бүх сумдын иргэдтэйгээ уулзаж, санал хүсэлтийг нь сонсоод гаргасан мөрийн хөтөлбөр байдаг. Үүнийг хэрэгжүүлнэ гэдэг бол иргэдийнхээ санаа бодолд тулгуурласан, аж амьдралыг нь дээшлүүлэхэд чиглэсэн ийм үйл ажиллагаа бүрэн хийгдэн явагдаж байна гэж ойлгож болно.   
-Аймгийн ИТХ орон нутгийн амьдралын асуудлуудыг шийдвэрлэж, тодорхой ажил зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрэхийн тул иргэдийн оролцоог нэлээд чухалчилж байх шиг санагддаг. Өөрөөр хэлбэл иргэд өөрсдөө энэ байгууллагыг сонгож байгуулсан учраас хурлын үйл ажиллагаанд хяналт тавих боломжоор бүрэн хангагдсан гэж үзэж болох уу?
-Болно. Тэгэхээр би түрүүн хэлсэн. Орон нутгийн аливаа асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоо маш чухал гэж. Тэр тусмаа иргэдийн оролцоог хангахад анхаарч түүнд чиглэгдсэн олон ажлуудыг хийж байна. Жишээ нь орон нутгийн хөгжлийн бодлого, ард иргэдийн ахуй амьдрал, эрх ашигтай холбоотой асуудлаар шийдвэр гаргахдаа иргэдийн саналыг байнга авч, сонсдог болсон. Тухайлбал манай байгууллагын дэргэд “Иргэний танхим” гэж бий. Энэ танхим дээрээ бид тухайн ИТХ-аар хэлэлцэх гэж буй асуудлаа урьдчилан тавьж, ярьж, сонсож, түүн дээрээ иргэдийн санаа бодлыг тусгаж оруулж байгаа. Ялангуяа Сонсголын тухай хууль гэж батлагдсан. Иргэдээ сонсоод тэндээс гарсан шийдвэрийг хэлэлцүүлэх, гаргах гэж буй хэлэлцүүлгийнхээ төслийг иргэдэд ярьж таниулах, тэндээс нь санаа авдаг систем манайд ажиллаж байна. Иргэдийн танхимдаа иргэдтэйгээ уулзах, мөн ахмадын зөвлөлийн баг гэж манайд бий. Урд нь аймгийн ИТХ-д ажиллаж байсан, мөн төр төсвийн байгууллагад олон жил ажилласан,  аж ахуйн нэгж байгууллагуудыг олон жил удирдсан ийм хүмүүсээс бүрдсэн баг л даа. Мөн манай вэбсайт байна. Эндээ хурлаас гарсан шийдвэрүүдийг тавьж, байнга суралчилж, танилцуулж байгаа.          
-НӨУЁ-ыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхэд иргэдийн оролцоо маш чухал л даа. Тэднийг мэдлэг мэдээллээр хангах, мөн иргэдийн  санаа бодол, санаачилга дээр тулгуурласан, иргэдээ дэмжсэн ямар үйл ажиллагааг хурлын зүгээс хийж хэрэгжүүлэв?
-Ер нь гарч байгаа шийдвэрүүд бүгд иргэдээ дэмжсэн үйл ажиллагаа байдаг. Сэлэнгэ аймгийн энэ дөрвөн жилд хийж хэрэгжүүлээд, ийм үр дүнд хүрнэ гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа учраас энэ нь дандаа иргэдээ дэмжсэн үйл ажиллагаа. Тухайлбал би дөрвөн удаа аймгийн ИТХ-д сонгогдохдоо гурван удаагийнх нь Сүхбаатар сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэр дээрээс сонгогдсон байдаг. Энэ багийн нутаг дэвсгэр гэдэг бол нийтийн орон сууц байхгүй. Дандаа хувийн орон сууцтай. Олон сонгогчидтой, том баг. Энэ багийн нийт өрхийн 80 хувийг цэвэр, дулааны шугамд холбож өгсөн. Энэ бол иргэдийг дэмжсэн хамгийн том бодлого гэж би ойлгодог. Яагаад гэвэл энэ шугамд холбогдоод л тэдний байшин барилгын үнэ өссөн, хүмүүс аятай тухтай амьдрах нөхцөл бүрдсэн. Өвлийн хүйтэнд орой ажлаа тарж ирээд гал түлэхгүй, ус авахгүй дулаан байранд ирнэ гэдэг бол үндсэндээ маш том боломж, дэмжлэг. Мөн Сүхбаатар суманд Олон Улсын худалдааны төвийг дөрөвдүгээр багийн нутагт байршуулахад миний бие өөрийн санал санаачлагыг гаргаж, тэнд байсан аж ахуйн нэгжээс худалдан авах, барьж байгуулахад оролцсон. Энэ бол иргэдэд хүрсэн хамгийн том ажил юм. Яагаад гэвэл Олон улсын худалдааны төв дээр төрийн үйлчилгээний нэг цэгийн үйлчилгээ ажиллаж байна. Иргэд худалдааны төвөөр ороод гарахдаа л төрийн үйлчилгээг өөрт хэрэгтэй бүхнийг аваад гарч байна. Энэ бол бас л иргэд рүү харсан маш том ажил үйлчилгээ гэж бодож явдаг.  
-2017 онд аймгийн ИТХ-аас шийдсэн, хийсэн ажлуудаасаа танилцуулаач?
-2017 он гарсаар манай аймгийн ИТХ найман асуудлыг том хурлаараа хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Энд хурлын дэгээс эхлээд хуралдаанд асуудал оруулах журам, аймгийн төсөвт тодотгол оруулах тухай, Сэлэнгэ аймгийн Олон Улсын худалдааны төвд талбай түрээслэх журмын тарифыг шинээр тогтоох гэх мэт. Мөн аймаг хөгжүүлэх сангийн журамд өөрчлөлт орууллаа. “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай гэсэн нэлээд чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Сэлэнгийн ард иргэдэд дулаан түгээж байгаа ганц том орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгаа. Үүний доголдлыг арилгахын тулд тогтоол шийдвэрээрээ зохицуулалт хийж өглөө.
Он гарсаар аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан 11 удаа хуралдаж, 130 гаруй асуудлыг хэлэлцэж, 125 тогтоол гаргасан байна. Хамгийн чухал нь иргэн баян байвал, улс баян гэдэг. Баян байхын үндэс бол эрүүл байх. Иймээс иргэд рүүгээ хандсан асуудлыг чухалчилж хамгийн түрүүнд авч хэлэлцсэн зүйл бол эрүүл мэндийн асуудал. Сэлэнгэ аймгийн хэмжээнд өвчлөлийн талаар ЭМГ-ын даргын сонсгол тайланг хэлэлцсэний дүнд сүрьеэ, бэлгийн замаар халдварлах өвчнийг бууруулах тогтоол баталлаа.  Түүнчлэн эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах тухай тогтоол гаргаж, “Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөрийг баталлаа. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг Сэлэнгэ аймагт хэрэгжүүлэх хөтөлбөрийг бас баталж өглөө. Дээр нь ард иргэдийн ахуй амьдрал аюулгүй, амар амгалан байдлыг хангахтай холбоотой нэлээд хэдэн асуудлуудыг шийдвэрлэж байна. Ялангуяа сүүлийн үед гарч байгаа эрүүгийн гэмт хэрэг. Үүнд оролцож байгаа нийгмийн бүлэг давхаргуудын байдлыг ажиглахад эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн тоо манай аймагт ноцтой байдалд буюу 96 хувьд хүрсэн. Энэ тал дээр нэлээд ажлуудыг хийхээр төлөвлөж зарим ажлуудыг урагшлуулан, хуралд оруулж хэлэлцэж байна. Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр баталсан. Ер нь гэмт хэргийг гарсан хойно нь хувь тоо ярьж том дуугарах биш, урьдчилан сэргийлэх ажлыг бид хийх ёстой. Гаргахгүй байх тал дээр ажиллах ёстой. Ийм зарчмыг барьж байна. Ийм учраас хамгийн түрүүнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр баталлаа. Мөн “Манай гудамж-Миний гэр” хөтөлбөрийг баталлаа. Энэ бас л иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлтэй холбоотой. Гудамж, зам нь аюулгүй тэгшхэн байвал осол гарахгүй байх жишээтэй. Хүүхэд шөнө орой явахад гэрэлтэй гэгээтэй байх чинь энд хамаарна. Түүнчлэн 2017 онд иргэдэд өмчлүүлэх газрын байршлыг тодорхойлж өгсөн. Мөн үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний модыг ойгоос бэлтгэх түлээний хуваарийг баталж, хэрэгжүүлсэн. Манай “Салхит”-ын гуравдугаар, “Хонгорморь”-тын нэгдүгээр, “Бор гүвээ”-ний тавдугаар багт түлээний асуудал голчилж яригддаг. Тиймээс зуны дулаан улиралд боломжтой үедээ түлээ түлшээ бэлтгээд аваг гэж эртхэн оны эхэнд шийдэж өглөө. Мөн иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх асуудлыг чухалчилж байна. Төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах хөтөлбөрийг батлуулж, “Сэлэнгэ орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгууллаа.  Сэлэнгэ аймгийн дөрвөн бүсэд хувийн хэвшлийн барьсан орон сууцнаас олгож эхлээд байна. Тухайлбал Цагааннуур, Ерөө, Баянгол сумдад. Удахгүй ирэх жил Шаамарт барьсан орон сууц ашиглалтад орно. Цаашид аймгийн төвд ийм хэмжээний барилгууд баригдаж, эндээс төрийн албан хаагчид урьдчилгаа төлбөргүйгээр байр авах баталгааг нь гаргаж өгөөд үндсэн зээлээ төлөөд явах боломжийг бий болгож байна. Нөгөөтэйгүүр энэ орон сууцнуудыг барихад аймаг хөгжүүлэх сангаас тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэг өгсөн байдаг. Энэ дэмжсэн мөнгөөрөө төрийн албан хаагчдад орон сууц авч өгөх юм. Төрийн албан хаагчдад гэж онцлоод байгаагийн нэг илрэл нь энэ хүмүүс байнгын ажилтай, орлоготой байдаг учраас эргэн төлөлт найдвартай гэж үзэж байгаа.
-Таны зүгээс аймгийн ИТХ-д олон жил төлөөлөгч, тэргүүлэгчээр сонгогдож, одоо даргаар нь ажиллаж байгаа туршлагатай хүний хувьд энэ байгуулагын өмнө тулгамдаж буй ямар асуудал байна вэ?
-Миний хувьд тэргүүлэгчээр 12 жил ажиллалаа. Үүнийг уламжлаад аймгийн ИТХ-ын дарга гэдэг хариуцлагатай албыг хашиж байна. Сэтгэл зовоосон тулгамдсан асуудлууд байлгүй яахав. Онцлог гэж үзсэн зарим зүйлээсээ дурьдахыг хүсэж байна. Сэлэнгэ аймгийг бүхэлд нь авч үзэх юм бол мал аж ахуй, газар тариалан гэсэн хоёр үндсэн том салбартай аймаг. Энэ хоёр хослон хөгжихөөс өөр арга зам байхгүй. Энэ хоёрын хоорондын зөрчлийг арилгах асуудал энэ аймгийн үе үеийн хурлын дарга, тэргүүлэгчид, хурлын ажлын гол бэрхшээл болж явж ирсэн.  Үүнтэй холбоотой бид 2009 онд 20-р тогтоолыг гаргаж, Сэлэнгэ аймгийг Эрчимжсэн МАА, газар тариалангийн гол бүс гэдгийг зарлаж, газар тариалангаа хаана хөгжүүлэх, эрчимжсэн МАА-гаа ямар ямар чиглэлээр хөгжүүлэх вэ гэдгээ нэлээд тод зааж өгсөн. Тэр ч бүү хэл гаднаас мал оруулахгүй байх зүйл заалт хүртэл оруулж арга хэмжээ авч ажилласан юм. Гэтэл энэ ажил маань үр дүнгээ өгсөнгүй. Хүмүүсийн арга нарийн болсон. Эхлээд энд ирээд хоёр жил хүний мал маллаж амьдраад Сэлэнгийн хүн болчихоод дараа нь малаа аваад ирдэг. Нөгөө нэг асуудал нь байгаль хамгаалалтай холбоотой асуудлууд байна. Сэлэнгэ аймгийн газар нутгийн нэлээд хэсэг нь цөлжсөн, малын бэлчээрийн даац хэтэрсэн байна. Энэ байгалийн доройтол нь бас нэг сэтгэл зовооосон асуудал.  Ер нь САА гэж байх үеэс би мэднэ. Сэлэнгэ нутагт 40 гаруй жил амьдарч, ажиллаж байна. Энэ үед САА-нууд хагас суурьшсан МАА-тай, газар тариалангаа хослуулан хөгжүүлж байсан. Тэр үед 500-700 мянган толгой малтай байлаа. Сэлэнгийн иргэд мал махаа бусад аймгаас төвлөрсөн журмаар бэлтгэчихдэг байв. Сүүлийн үед механик өсөлт нэмэгдэж, нэг сая 600 мянга гаруй толгой малтай болж, тэр үеэс хойш сая толгой малаар нэмэгдлээ. Дээр нь бог малын ялангуяа ямааны эзлэх хувь их байна.  Бид Сэлэнгэ аймгийг “Эрчимжсэн МАА, газар тариаланг хослон эрхлэх” ийм шийдвэрийг гаргуулахаар Монгол Улсын засгийн газар, УИХ-д өргөн барих гэж байна. Энэ асуудлаа Монгол Улсын Засгийн газарт ХХААХҮЯ-аар дамжуулан тавьж, Засгийн газар, УИХ-д өргөн барьж шийдвэр гаргуулснаар дараа дараагийн ажил алхмууд хийгдэх боломж нөхцөл үүснэ. Өөрөөр хэлбэл хууль эрх зүйн орчин бүрдэнэ гэсэн үг. Ингэснээр малын хөлийн татварыг бид аймаг орон нутагтаа тавих, бүсчлээд зарим арга хэмжээ авах болно. Дээр нь "Монгол мал" хөтөлбөрийг хэрэгжүүлж Сэлэнгэ аймгийн малыг эрүүлжүүлээд, экспортод гаргаж, эргэж сайн чанарын малаар хангах, удам угсгааг сайжруулах асуудал байна. Малын тоо толгойн араас биш, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх замаар тоо толгойг бууруулах нь чухал байгаа.  Энэ хүрээнд аймагт байгаа 100 гаруй сайн үүлдрийн бухаа сумдад хуваарилах жишээтэй. Дээр нь эрчимжсэн МАА-г эхлэхийн тулд газар тариалангийн салбаруудын өнжиж байгаа талбайд малын тэжээлийн ургамлыг тарьж бэлтгэх асуудлыг давхар авч хэлэлцэх хэрэгтэй. Ингэхгүй бол эрчимсэн МАА явахгүй. Ийм бодлогын бичиг баримтыг төвдөө сайн батлуулж аваад үе шаттайгаар цаашид арга хэмжээ авна гэсэн бодлого чиглэлтэй ажлыг хийж байна.        
-Сэлэнгэ аймгийн ИТХ-аас цаашдаа ямар ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна даа?
-Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 10 гаруй хөтөлбөр тусгагдсан. Бид үүнийг дөрвөн жилийн хугацаанд хийж баталж хэрэгжүүлнэ. Үүнийгээ эхний хоёр жилд багтаан бүрэн баталсан байх ёстой. Ингээд үлдсэн хугацаанд нь бид хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа орно. Одоогоор бид нэлээд хэдэн хөтөлбөр батоаад байгааг би хэлсэн. Тодорхой хэмжээний санхүүжилт тавьж өгч эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ёстой. Үүнийг хэрэгжүүлэх төсөв хөрөнгийн асуудлыг бид төсөвт тусгаж өгнө. Урд нь баахан хөтөлбөр батлаад л байсан. Төсөв санхүүгүй учраас хэрэгждэггүй байсан. Баталсан хөтөлбөр дээр хөрөнгө тавьж байж ажил болно шүү дээ. Жишээ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хөтөлбөр баталсан. Энд гэрч, хохирогч хоёрыг хамгаалах тухай хууль батлагдсан. Гэмт хэрэг өсч байгаа энэ үед хамгаалах байр зайлшгүй байх ёстой. Үүнд зориулан 50 сая төгрөг тавьж өглөө. Энэ түр хамгаалах байрыг Цагдаагийн байгууллагын хашаан дотор байгуулсан. Гэрч, хохирогчид заавал хамгаалалтад байх ёстой. Энэ мэт алхам алхмаар хөтөлбөрүүдээ амьд ажил болгох ёстой. Дээр нь үлдсэн хөтөлбөрүүдээ богино хугацаанд баталж гаргана. Энд эрчимсэн үхрийн аж ахуй, Засгийн газраас баталсан “Хүнсний ногоо”, “Жимс жимсгэнэ” хөтөлбөрүүд хамгийн түрүүнд Сэлэнгэ аймагт хэрэгжих ёстой. Үүнийг эрчимжүүлэх хэрэгтэй. Дээр нь “Эрүүл Монгол мал” гэсэн үндэсний хөтөлбөр батлагдаж байна. Энэ бол манай аймгийн хувьд амин чухал асуудлын нэг. Бид нэг л их малтай байгаад байдаг. Гэтэл манай хөрш ОХУ-ын Буриад Улсын Улан-Үдэ хотын мах консервийн үйлдвэр хаа байсан 4000 км-ийн цаанаас мах махан бүтээгдэхүүнээ бэлтгэж байх жишээтэй.  Энд манай аймаг тодорхой хэмжээгээр оролцоод хойд хөршрүүгээ махаа гаргах бодлого баримталж байна.     
-Таны хувьд хамгийн чухал баримталдаг зарчим тань юу вэ. Сэлэнгэ нутгийнхаа хөгжлийн төлөө хамгийн их анхаарлаа хандуулж, сэтгэлээ чилээж яваа зүйлийг тань сонирхвол . . .?
-Би ер нь цагийн юмыг цагт нь хийхийг л шаарддаг зантай. Цаг хугацаа өнөөдөр хүнийг хүлээхээ больсон. Тэгээд ч манайхан цаг бол алт гэж ярьдаг биздээ. Үнэхээр цаг алт юм бол цагийн юмыг цагт нь л хийх хэрэгтэй шүү дээ. Нийгэм биднийг хүлээхгүй, бидний сэтгэж байгаа зүйл маш хурдан өөрчлөгдөж байна. Иймээс хийж байгаа зүйлээ олон түмэндээ хүргэж ажиллах л хамгийн чухал байгаа юм. Мөн амласнаа биелүүлдэг байх ёстой. Худлаа ярьж хүн хуурдаггүй байхыг өөрийн алтан зарчим болгон явдаг даа. Ер нь удирдлага хүн хэлсэн бол хийх л ёстой. Шударга байх ёстой. Нялцганаад байх зан ерөөсөө байх ёсгүй. Тэр тусмаа удирдлага хүн нэгийг харж нэг үг хэлээд, нөгөөг харж бас өөр үг хэлээд байх ёстой зохисгүй зан.
Сэтгэлээ чилээж байгаа хоёр чухал асуудлаа дээр хэлсэн. Гэвч миний хувьд нэг зүйлд анхаарч ажиллах ёстой гэж боддог. Хэдийгээр энэ бүрэн эрхийн хугацаа 2020 онд дуусах ч гэсэн 2021 онд Сэлэнгэ аймгийн 90 жилийн ой, Ардын хувьсгалын 100 жилийн ой болно. Энэ 100 жилийн ой бол Сэлэнгийн ард түмэнтэй амин чухал холбоотой.  Сэлэнгийн хэн ч бай өөр аймаг, сум газарт очоод би ардын хувьсгалын өлгий Сэлэнгэ нутгийн иргэн гэж бахархан хэлдэг. Ардын хувьсгалын өлгий нутаг юм бол үүнийгээ харуулсан олон чухал зүйлийг 100 жилийн ойгоороо хийх ёстой. Үүнийг бид хийж, бүтээж үлдээх үүрэгтэй. Өнгөрснийгөө сэргээх, одоо байгаагаа улам сайхан болгох ёстой. Тиймээс одоо бид юу хийх юм бэ гэдэг асуудал миний сэтгэлийг чилээж байна. Үүнтэй холбогдуулан аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээ оруулаад тогтоолын төсөл бэлдчихээд сууж байгаа. Үүнийгээ заавал ажил болгох ёстой. Ер нь тухайн аймаг орон нутаг гадны хүмүүст аймаг орноо танилцуулдаг эхний зүйл нь музей. Энэ аймагтай танилцая гэвэл музейгээр ороод тухайн аймгийн талаар үндсэн ойлголтыг авах ёстой. Бид зүгээр л яриад байдаг хүмүүс ойлгодоггүй. Харин музей бол амьд үзмэр юм шүү дээ. Дээр нь хойч үеийг хүмүүжүүлэх том боловсролын байгууллага бол музей байх ёстой. Бид үүх түүхээ мэддэг байх ёстой. Гэтэл өнөөдөр Сэлэнгэ аймгийн музей хаана байна. Алтанбулагийн хувьсгалын музейтэй аваачаад аймгийн орон нутгийн музейг нийлүүлчихсэн. Орон байр нь багтаамжгүй учраас олон сайхан түүхэн үзмэрүүд зориулалтын бус саванд хадгалагдаж байна. Бид тэр сайхан түүхийн үнэт зүйлсийг буцаагаад бүтээж чадахгүй.  Үүнийг л хадгалж хамгаалж явах улс бол Сэлэнгийн ард түмэн, бид нар, ирээдүй үе байх ёстой. Тэгэхээр би Сэлэнгэ аймгаа нэг сайхан музейтэй болгох юмсан гэж бодож явдаг юм. Сэлэнгэ бол бусад аймгуудад  байдаггүй төрийн гурван одонтой. Энэ гурвыг тавиад түүхийг бичихэд л хангалтай нэг үзмэр бий болно. Үүнийг музейд тавьж үзүүлэх ёстой. Гэтэл аймгийн тамгын газрын үүдэнд тавьчихсан, хэн ч үзэхгүй байж байна. Бололцоогоороо энэ ажлын эхлэлийг ямар ч байсан тавина гэж бодож байгаа. Хэдийгээр эдийн засаг боломж муутай ч гэсэн бид зураг төсвийг нь хийлгэж, газар нутгийг нь шийдэж өгөх хэрэгтэй. 
-Тэгэхээр төлөөлөгчдийнхөө үнэлэмжийг дээшлүүлэх, тэднийг олон нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах, үйл ажиллагаа зохион байгуулах, чадавхжуулах  тал дээр хэрхэн анхаарч байна?
-Энэ бол маш чухал асуудал. Иргэдийг төлөөлж байгаа энэ хүмүүс хууль эрх зүйн мэдлэгтэй байх ёстой. Чадвартай байх ёстой. Тэгж байж хурлаас гарч байгаа шийдвэрүүд үнэн зөв, хуульд нийцсэн, бодитой байх ёстой. Эндээс гарч байгаа шийдвэр дутуу дулимаг байж яавч болохгүй. Хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах асуудлаар УИХ-ын тамгын газар, аймгийн ИТХ-тай хамтарсан сургалтуудыг үе шаттайгаар явуулж байгаа. Бид аймгийн ИТХ-ын төлөөлөгч нартаа сургалт явуулсан. Одоо ирэх сарын дундуур аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийг Улаанбаатар хотод сургалтанд хамруулах гэж байна. Өмнө бас хийгдэж байсан. Дээр нь сумдын багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарыг чадавхжуулах сургалтад хамруулна. Манай Сэлэнгэ аймаг 56 багтай. Саяхан бүх аймгуудын ИТХ-ын дарга нар БНХАУ-д 10 хоног ХКНТХ-ны дэргэдэх бүдүүний академид сургалтад оролцоод ирсэн. Энэ бол дэлхий даяаршиж байгаа энэ үед Хятадын коммунист намаас, бидний хамтын ажиллагаа ямар байх ёстой юм, ямар зүйл рүү хөгжлийнхөө бодлогыг чиглүүлэх, яаж хамтарч ажиллах ёстой вэ гэдэг дээр ихээхэн сайн мэдлэг өгсөн. Удахгүй аймгуудын хурлын ажлын албаны нарийн бичгийн дарга нарын сургалт болно. Бид энэ сургалтыг маш үр ашигтай явуулах ёстой. Бүх сумдын багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарыг чадавхжуулах асуудлыг шат дараатай хийхээс гадна гарын авлага материалаар ханган ажиллаж байна. Гэвч энэ маань тийм ч хангалтай сайн болохгүй байна. Яагаад гэвэл манай тогтолцоо чинь дөрвөн жил болоод солигддог. Уламжлал их муутай. Энэ их учир дутагдалтай гэж надад санагддаг. Зүгээр хаант ёсыг би ярьж байгаа юм биш. Гэхдээ л урд нь боловсон хүчнээ бэлтгэдэг байсан. Тэр их зөв систем байсан байна гэж хуучин луугаа эргэн харж байна л даа. Хуучин ч гэсэн хамгийн сайн систем байжээ. Бид хойд, урд хоёр хөршөө харж байна. Бэлтгэгдсэн хүн л гарч ирж тавигдаж байна. Зүгээр нэг хэн ч хамаагүй хүн шууд гарч ирээд дарга болж боломгүй байна. Нэгэнт хууль нь ийм, тогтолцоо нь ийм болохоор яалтай билээ. Гэхдээ цаашид дуу хоолойгоо хүргэж байвал зүгээр юм уу гэсэн үүднээс хэлж байгаа юм шүү. Төрийн залгамж чанар, хүмүүсийн мэдлэг боловсрол, дараа дараагийнхаа хийх ажилд дэвшил гарч хэдийгээр төрийн залгамж чанарыг хадгалаад явж байгаа ч гэсэн улам сайжирна гэдэг бодол тээж явдаг.     
-Эцэст нь Хурлын даргын хувьд дүгнэхэд манай аймгийн ИТХ ардчилсан зарчмын дагуу хэр ил тод нээлттэй ажиллаж байгаа вэ?
-За үүнээс илүү нээлттэй юм гэж байхгүй болов уу. Яагаад гэвэл бид нэгэнт иргэдээс гарсан санаа бодолд тулгуурлаж, хүсэл эрмэлзэлд нь нийцүүлж, Сэлэнгэ аймгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг хурдасгахад чиглэгдсэн бодлого шийдвэрийг гаргаж байгаа. Тэгэхээр энд хаалттай юм гэж ерөөсөө байдаггүй. Хурлаар батлах гэж байгаа асуудлаа иргэдээрээ хэлэлцүүлдэг. Тухайлбал бид өнгөрсөн онд сургуулийн орчинд нийгмийн хэв журам, замын хөдөлгөөнтэй холбоотой гарч байгаа хэрэг зөрчлийг арилгахын тулд эцэг эхийн зөвлөл болон “School polits” гэдэг зөвлөл ажиллуулах журам баталж өгсөн. Үүнийгээ бүх сургуулиудаар, мөн иргэдээр хэлэлцүүлээд саналыг нь аваад баталж гаргасан. Үүнийхээ дараа аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд эргүүлийнх нь хувцсыг өмсүүлээд дохиурыг нь бариулаад бүх сурагчид, эцэг эхийн төлөөлөл, сургуулийн удирдлагуудыг оролцуулж хөтөлбөрөө хэрэгжүүлэх үйл ажиллагааны нээлтийг хийсэн. Энэ бол бодит ажлын нэг жишээ. Энэ бидний гаргаж байгаа шийдвэр бол Бямбаа миний шийдвэр биш. Тэргүүлэгчдээрээ, олноороо шийдэж, олноороо шийдвэрээ баталгаажуулдаг. Иймээс энэ үйл ажиллагаа бол хурлын байгууллагын ил тод байдлын нэг үндсэн баталгаа гэж ойлгож байгаа. Харин бид хийсэн ажлаа иргэдэд хүргэх тал дээр маш учир дутагдалтай байгаа.
-Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Иргэд ард түмнийхээ дуу хоолойг сонсож, хурлын шийдвэрийг тэдний хүсэл эрмэлзэл, санаа бодолд тулгуурлан гаргадаг нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсч хөгжсөний 25 жилийн ой энэ онд тохиож байна. Бид нар бүх сумдууддаа энэ ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх тухай удирдамж чиглэл хүргүүлсэн. Бид өнөөдрөөс эхлээд аймгийн хэмжээнд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг удирдаж явсан үе үеийн дарга нар, энд сонгогдож явсан төлөөлөгч нарыг хамруулсан уулзалтын арга хэмжээг хийхээр төлөвлөөд байгаа. Энэ байгууллагын үе үеийн дарга нар, төлөөлөгчид, ажил үйлчилгээгээр дэмжиж санаа бодлоо хамаргүй хайрлаж явдаг иргэд, хөдөлмөрчиддөө, Сэлэнгийнхээ нийт ард түмэнд нутгийн удирдлагын зохих ёсны байгууллага үүсч хөгжсөний 25 жилийн ойн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
 
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ