Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн тэтгэмж олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд 2019 он хүртэл цалин нэмэхгүй байхаар гэрээнд тусгажээ. Иймээс Засгийн газар багш, эмч нарын цалинг нэмэх боломжгүй нөхцөл үүсээд буй.
Үүнтэй холбогдуулан төсвийн тодотголд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгохоор урсгал зардлыг 54.9 тэрбум төгрөгөөр нэмэхээр тусгасан. Тодотгол хэлэлцэх үеэр ажлын хэсгээс гаргасан дээрх саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 67.3 хувийн саналаар дэмжлээ.
Ингэснээр 192 мянган төрийн албан хаагч тус бүрт нэг удаагийн нөхөн олговор болгон 300 мянган төгрөгийг олгох юм. Үүгээр чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан түр завсарлав.
Үдээс хойшхи хуралдаан 15 цагаас эхэлнэ.
Б.Туул