Д.Трамп Ш.Жиньпинд баяр хүргэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-10-26 10:57:58
ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. Хятадын Коммунист намын /ХКН/ Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсон Ши Жиньпинд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баяр хүргэсэн тухай “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээллээ.

Д.Трамп лхагва гарагт “Твиттер” хуудастаа “ХКН-ыг болон Хятад улсыг дахин таван жил удирдахаар болсонтой нь холбогдуулан Ши Жиньпинтэй би өнөөдөр утсаар ярьж, баяр хүргэлээ. Мөн бид Умард Солонгос ба хоёр талын худалдаатай холбоотой асуудлыг авч хэлэлцсэн” гэж бичжээ.

Харин Хятадын “Шиньхуа” агентлаг мэдээлэхдээ “АНУ-тай харилцаагаа улам бүр бэхжүүлэхийг БНХАУ ямагт эрмэлздэг бөгөөд хоёр улс нэг нэгийгээ харилцан хүндэтгэж, урт удаан хугацаанд найрсаг харилцаатай байна гэдэгт итгэлтэй буйгаа Ши дарга АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампт илэрхийлсэн” гэв.
Г.Доржханд
Холбоотой мэдээ