АХБ-аас 2017-2018 онд 468 сая ам.долларын санхүүжилт олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-10-24 18:30:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцэхийг зөвшилцөх асуудлыг өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын танилцуулснаар, Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк (АХБ)-тай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчин, нийгмийн салбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Дээрх салбаруудын хүрээнд АХБ-аас 2017-2018 онд Монгол Улсад 468 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс АХБ-ны Энгийн эх үүсвэрээс 404 сая ам.доллар, АХБ-ны Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 64 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг тус тус олгохоор төлөвлөөд байна.

Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээл нь АХБ-ны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл бөгөөд жилийн хоёр хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх зээлийн нөхцөлтэй байдаг. Харин энгийн эх үүсвэрийн зээлийн дундаж хугацаа нь 20 жил хүртэл байдаг ба Лондонгийн банк хоорондын хүү дээр нэмэх нь  0.5 хувийн шимтгэлтэй байх аж. 

“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцэхийг зөвшилцөх хүрээнд УИХ-ын гишүүд хөнгөлттэй зээлийг авахдаа эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үр дүнтэй салбарт хөрөнгө оруулалт хийх, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихийг анхааруулж байв. Мөн Монгол Улсад хуваарилагдсан зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүдийг тодорхойлохдоо эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, нийгмийн хамгааллын салбарын тогтвортой байдлыг хангах, ажлын байр бий болгох зэрэг үндсэн чиглэлийг баримталсан есөн төсөл арга хэмжээг өөрчилж болох эсэхийг илүүтэй сонирхож байлаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, эдийн засгийн байдал амаргүй байгаа энэ цаг үед төсөл нэг бүртэй танилцсан. Явцын дунд агуулгаар өөрчилж байж, үр дүнд хүрэхээр төлөвлөж байгаа асуудал байгааг онцлов. Ингээд Төсвийн байнгын хороо уг асуудлаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. 
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ