Ч.Хүрэлбаатар: 192 мянган төрийн албан хаагчид 300 мянган төгрөгийн нөхөн олговор олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2017 оны Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2019 он хүртэл цалин нэмэгдүүлэх боломжгүй учир 192 мянган төрийн албан хаагчид 300 мянган төгрөг олгохоор ОУВС-тай тохиролцсон талаар хэллээ.
Хуралдааны эхэнд, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэг, Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэв. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Төсвийн тодотголыг хэлэлцэхийг хойшлуулж, УИХ дахь МАН-ын бүлгийн хурлын дараа энэ асуудлыг хэлэлцэх горимын санал гаргасан ч дэмжигдээгүй.
Ингээд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулсантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа хэлэв. Гишүүдийн зүгээс хэрэглээний үнийн индексийг хэрхэн тооцсон, Монгол Улсын Засгийн газрын өрийг буулгах талаар ямар бодлого баримталж байгаа талаар илүүтэй тодруулж байв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "2017 онд төсвийн гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлтийг 3.3 гэж оруулсан байгаа. Дэлхийн эдийн засагт уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр өсөлт сайн байгаа ч Монголын хөдөө аж ахуйн салбарт өвлийн хүндрэлээс улбаатай гарч болзошгүй хүндрэлийг тооцоод, 2018 оны эдийн засгийн өсөлтийг 4,2 хувь гэж тооцсон.
Бид эдийн засгийн өсөлтийг хий хоосноор өндөр тооцохыг зориогүй. Төсвийн алдагдал 2,7 их наяд төгрөгт хүрсэн. Засгийн газрын зүгээс төсвийн алдагдлыг 2.6 их наяд төгрөг болгож, дотоодын арилжааны банкуудуудаас өндөр хүүтэй зээл авахгүй байхаар төлөвлөж байна" гэж байлаа. Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёолллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 68.4 хувь нь дэмжив.
Үргэлжлүүлэн 2017 оны Төсвийн тодотгол буюу 2017 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн зүгээс багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин, урамшууллыг нэмэх асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөсөн, цаашид ОУВС-тай төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлыг ярилцсан эсэх, 2017 оны төсвөөс хэмнэсэн мөнгийг юунд зарцуулах гэж байгааг илүүтэй сонирхож байлаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Ажлаа аваад 4 хонож байна. Энэ хугацаанд ОУВС–тай ярилцаж тохиролцоод төрийн албан хаагчдад нэг удаагийн урамшуулалд 300 мянган төгрөг олгохоор тохирсон. Өөрөөр хэлбэл, 192 мянган төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн нэг удаагийн олговор олгоход 55 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай байгаа. ОУВС-тай хийсэн гэрээний дагуу бид 2019 он хүртэл төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг царцаахаар тохирсон байсан. Гэвч 2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалинг огт хөдлөөгүйн дээр инфиляцийн түвшин огцом нэмэгдсэнтэй холбогдуулж бид эхний ээлжинд нэг удаагийн олговор олгохоор тохирсон. Мөн цаашид төрийн албан хаагчдын цалин, урамшууллын асуудлаар ОУВС-тай яриа хэлэлцээр хийхээр зэхэж байна" гэв.
Мөн тэрбээр 2017 оны төсвийн тодотголоор хэмнэгдсэн мөнгө бүхэн төсвийн алдагдлыг бууруулахад чиглэж байгааг онцлоод, хөрөнгө оруулалтын жагсаалтад багтаагүй, УИХ-аас баталсан төсөвт суугаагүй нэг ч хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэхгүй, төсвийн салхилга батыг хатуу сахина гэлээ.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал