Газар хөдлөлтийн хүчийг судлах баг Түшиг сум руу гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-10-19 15:14:06
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод газар хөдлөлт мэдрэгдсэн тухай нэлээд шуугилаа. Энэ талаар аймгийн ШУА-ны Одон орон геофизикийн хүрээлэнгийн Сэлэнгэ аймаг дахь салбарын эрдэм шинжилгээний ажилтан Э.Хишигдалайгаас тодрууллаа.
-Өнгөрсөн шөнө Сүхбаатар хотод газар хөдлөлт нэлээд хүчтэй мэдрэгдсэн тухай иргэд  ярьж байна. Энэ талаар тодруулга өгөөч?
-Тиймээ. Өнгөрсөн шөнө Улаанбаатарын цагаар шөнийн 01 цаг 46 минутын үед Олон улсын цагаар 17 цаг 46 минутад газар хөдлөлт болсон. Энэ нь Сэлэнгэ аймгийн Түшиг сумаасаа хойшоо 4 км-ийн зайтай газарт 5 магнутитын хүчтэй газар хөдлөлт боллоо. Тухайн газар хөдлөлтийн өргөрөг нь 50.37, уртраг  105.05 байсан. Энэ нь ОХУ болон Монгол Улсын хилийн ойролцоо Монгол Улсын нутаг дэвсгэр дээр болсон байгаа. 
-Сэлэнгэ аймаг өөрөө газар хөдлөлтийн ямар бүсд хамаарагддаг вэ?
-Сэлэнгэ аймаг газрын хөдлөлтийн идэвхжил нь баруун аймгуудыг бодвол харьцангуй бага, зүүн аймгуудтай харьцуулахад бага байдаг. Өөрөөр хэлбэл газар хөдлөлтийн дундаж бүсэд ордог. Сэлэнгийн хувьд Баруунбүрэн, Зүүнбүрэн, Хушаат гэсэн сумдууд илүү идэвхижилттэй бүсэд, Сүхбаатар хот бол харьцангуй гайгүй. Өчигдрийн газар хөдлөлт Сүхбаатар суманд нэлээд хүчтэй мэдрэгдсэн. Газар хөдлөлтийн хүчний байдлыг газар дээр нь очиж үзэхээр аймгийн ОБГ-ын багийнхантай би гарч байна. Өнөөдөр Түшиг, маргааш Сүхбаатар суманд судалгаа хийнэ.
-Уг газар хөдлөлтийн улмаас хохирол гарсан зүйл байна уу?
-Аймгийн ОБГ-ын ажлын хэсэг гарч шалгалт хийсэн. Зөвхөн чичирхийлэх мэдрэмж хүчтэй мэдрэгдсэнээс учирсан хохирол, байр байшингийн цууралт бол гараагүй.
-Сэлэнгэ аймагт газар хөдлөлт жилдээ хэр олон мэдрэгддэг вэ. Шинэ он гарсаар хэдэн удаа ийм газар хөдлөлт болсон бэ?
-Ерөнхийдөө Сэлэнгэ аймаг гайгүй. Шинэ он гарсаар сулавтар хөдлөлт нэлээд олон удаа болсон. Ийм хүчтэй хөдлөлт анхных нь. 
-Танд баярлалаа.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ