Хот тохижилтынхон харилцан туршлага солилцох уулзалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-18 20:41:44

Хэнтий /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын төлөөллүүд Хэнтий аймгийн Чингис хотод хүрэлцэн ирж, Хэрлэн сумын хот тохижилтын газартай туршлага солилцох уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад нийслэлийн Хот тохижилтын газрын тохижилтын албаны дарга Ш.Ганчулуун тэргүүтэй төлөөллүүд, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат , “Өндөрхаан-Хот тохижилт” ОНТҮГ-ын дарга Г.Баатар ажилтнуудын хамт оролцсон юм.

Хэрлэн сумын “Өндөрхаан-Хот тохижилт” ОНТҮГ-ын дарга Г.Баатарын урилгаар хүрэлцэн ирсэн төлөөлөгчид нийслэл хотын тохижилт үйлчилгээний үйл ажиллагаа, техник тоног төхөөрөмжийн давуу тал, онцлогуудыг танилцуулж, холбогдох мэдээллүүдийг солилцон цаашид хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийллээ.

Тэдний хэлж буйгаар нийслэл хотод Тохижилт үйлчилгээний ажилтнууд шөнийн цагаар ажиллаж, ажлын өдрөөр амардаг нь ажилчдын нийгмийн асуудалд эерэг нөлөөтэй байдгаас гадна техник тоног төхөөрөмжийн дэвшлийг цаг алдалгүй ашигладаг нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлж байгаа аж.

Тухайлбал бага оврын зам талбайн цас цэвэрлэгч болон замын шороо цэвэрлэгч механик шүүр зэрэг нь ажлын бүтээмжийг эрс нэмэгдүүлж, үйл ажиллагаанд дэмжлэг болдог байна. Тэд механик шүүрийн  ажиллагааг танилцуулаад  "Өндөрхаан-Хот тохижилт" ОНТҮГ-т бэлэглэлээ.

Мөн энэ үеэр Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат, Хотынхоо тохижилт үйлчилгээний чанар хүртээмж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх талаар нухацтай анхаарч ажиллахаа илэрхийлээд, "Өндөрхаан-Хот тохижилт" ОНТҮГ-ын ажилтнуудад олон жил тавигдаагүй байсан өвлийн нормын хувцсыг тавьж өгөхөөр болсноо дуулгав. Мөн ирэх өвлийн автозамын цэвэрлэгээнд зориулж, 10 тн цас хайлуулах бодис авахаар болсон тухайгаа мэдэгдлээ.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ