ОХУ "евро"-той төстэй шинэ мөнгөн дэвсгэрт гүйлгээнд оруулав

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2017-10-18 14:19:01
Москва /МОНЦАМЭ/.ОХУ-ын Төв банк 200 болон 2000 рублийн шинэ мөнгөн дэвсгэрт эргэлтэд оруулж буйгаа зарлалаа.
 Шинээр гарсан мөнгөн дэвсгэртүүд одоогийн ашиглаж буй зургаан төрлийн мөнгөн дэвсгэртээс эдэлгээ даах чадвараараа ялгарна хэмээн ОХУ-ын Төв банкны төлөөлөгч Эльвира Набиуллина онцлов.
 Шинэ мөнгөн дэвсгэртийн загвар, тоо, үсэгийн хэвийг ажиглавал Европын Холбооны мөнгөн дэвсгэрт "евро"-той тун төстэй болжээ. Энэ нь ОХУ-ын мөнгөн дэвсгэртийн 2017 оны шинэ загвар бөгөөд 1997 оны загвараар хийсэн одоогийн дэвсгэртүүдээс тэс ондоо болсноороо шүүмж дагуулж байна.
Тодруулбал 200 рубль өнгө будаг, загвар хийцийн хувьд 100 евротой, харин 2000 рубль 20 евротой тун төстэй байгаа нь иргэдэд таалагдахгүй байгаа аж. 
Ногоон өнгийн 200 рублийн дэвсгэрт дээр одоогийн Севастопель хотын нутагт байрлах эртний Херсонес Таврический хотыг, нөгөө талд нь мөн л Севастопель хотод байрлах живсэн хөлөг онгоцуудад зориулсан дурсгалын хөшөөг дүрсэлжээ.
 Харин цэнхэр өнгө давамгайлах 2000 рублийн дэвсгэртийн нэг талд Алс Дорнодын Русский арал дээрх гүүр, нөгөө талд мөн л Алс Дорнодын Амур мужид байрлах “Восточный” сансрын нисэх буудлыг дүрсэлсэн байна.
 Дашрамд дурдахад шинэ дэвсгэртүүд эхний ээлжинд түүн дээр дүрслэгдсэн Алс Дорнод, Крымийн хойг болон нийслэл Москва хотод эргэлтэд орсон бөгөөд оны сүүл гэхэд ОХУ даяар ашиглаж эхлэх ажээ.
 
Л.Нандиа
 
 
Холбоотой мэдээ