490 гаруй мянган га-д үлийн цагаан оготно тархжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-10-17 12:09:57
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн 8 сумын нутагт үлийн цагаан оготнын тархалт их байгаа тул цас их унахаас өмнө устгаж, тархалтыг хязгаарлах арга хэмжээ авах шаардлага  тулгарчээ. Гэвч үүнд шаардлагатай төсөв хөрөнгө байхгүй.

Нийт 493.3 мянган га талбайд үлийн цагаан оготно тархсан гэдэг судалгааг Ургамал хамгаалалын эрдэм шинжилгээний хүрээлэн гаргаж, үүнийг үндэслэн аймгийн ХХАА- н газар үлийн цагаан оготнын тархалтыг хязгаарлахад шаардлагатай төсөв санхүүг ХХААХҮЯ- аас хүссэн байна.

2011- 2013 онд Эрдэнэдалай, Адаацаг, Цагаандэлгэр, Дэлгэрцогт сумын 40 орчим мянган га бэлчээрт энгийн механик аргаар үлийн цагаан оготно устгах ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж, тархалтыг хязгаарлах арга хэмжээ авч байсан бол  2014 онд энэ ажил тасарсан байдаг.  Нэг жил өнжихөд хортон мэрэгчдийн тархалт хүрээгээ огцом тэлж, дээрхи сумдаас гадна Сайхан- Овоо, Баянжаргалан, Өндөршил, Сайнцагаан сумын нутагт дэвсгэрт ихээр тархан, 2015, 2016 онд дахиад улсын төсвийн хөрөнгөөр 30- 40 мянган га бэлчээрийн мэрэгчийг хязгаарлах арга хэмжээ авчээ.

Энэ жилийн хувьд мэрэгчтэй тэмцэх ажил эхлээгүй, шаардагдах төсөв хөрөнгө шийдэгдээгүй. Холбогдох яамнаас ХХАА- н газарт ирүүлсэн ямар нэг хариу одоогоор байхгүй гэдгийг хэлсэн юм.
Үлийн цагаан оготнын тархалтыг хязгаарлахад зориулж орон нутаг өөрийн төсөвтөө хөрөнгө тусгадаггүй бөгөөд дан ганц улсын төсвөөс харж суухын оронд сумд дор бүрнээ орон нутгийн хөгжлийн сангийнхаа хөрөнгөнд мэрэгчтэй тэмцэж, бэлчээрээ хамгаалах ажлыг тусгаж байх шаардлага нэгэнт үүссэн байна.

Урьд жилүүдэд нэг га талбайд оготно устгахад 1.4- 1.6 сая төгрөг зарцуулж байснаар тооцоход дээрхи сумдад бэлчээрийн мэрэгчийн тархалтыг хязгаарлахад 640 гаруй сая төгрөг шаардлагатай юм байна.

Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ