Баян-Өлгийд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал үүсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-17 01:25:40

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 325 нь дээд боловсролтой хүмүүс байгаа талаар аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан "Нийгэм эдийн засгийн байдлын 9 дүгээр сарын танилцуулга"-д дурджээ.

Идэвхтэй ажил хайж буй эдгээр иргэдийн тоо 9 дүгээр сарын байдлаар 1072 болж, өнгөрсөн оны мөн үеэс 5,1 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Тэдгээрийн 30,3 хувийг нь дээд боловсролтой, 8,7 хувийг тусгай дунд, 5,1 хувийг техник мэргэжлийн, 47,8 хувийг бүрэн дунд боловсролтой хүмүүс эзэлсэн байна. Түүнчлэн өнгөрсөн 1 жилийн хугацаанд  иргэдээс аймгийн Засаг даргад өөрийгөө ажилтай болгохыг хүссэн давхардсан тоогоор 7 мянга орчим өргөдөл гаргажээ. Үүний 5 мянга нь мөн дээд боловсролтой залуус байна. Тэдний дийлэнх нь багш, эрх зүйч, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй хүмүүс бөгөөд үүнийг нийгмийн чиглэлийн боловсон хүчнүүдийг хэт олноор бэлтгэсний улмаас зах зээлд илүүдэл бий болсон хэмээн мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байна.

Иймд хөдөлмөрийн зах зээл дээр үүссэн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдлыг арилгахад төрийн үйл ажиллагаагаа чиглэгдэхийг иргэд хүсэн хүлээж байна. 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ