Тарьсан модоо ургуулаагүй тохиолдолд мөнгөн торгууль ногдуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-10-16 23:16:43
Завхан/МОНЦАМЭ/. Жил бүр албан байгууллага, ард иргэд бүр олон тооны мод тарьдаг боловч ургалт дөнгөж 40-50 хувьтай, цаашид тордож ургуулахгүй тохиолдол их гарч ихээхэн үргүй зардал гарч буйд Завхан аймаг дүгнэлт хийжээ. Тиймээс энэ удаагийн мод тарих үндэсний өдрөөр мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж айл өрх, байгууллага бүрт тарьсан модоо заавал ургуулах арчлах тордох үүргийг давхар өгч модоо ургуулаагүй тохиолдолд мөнгөн торгууль ногдуулахаар болжээ.
Энэ удаагийн намрын мод тарих үндэсний өдрөөр 40 гаруй жилийн түүхтэй Сэлэнгэ аймаг дахь ойн МСҮТ-ийн багш, суралцагчдыг Улиастайд урьж, тэдний заавар, зөвлөмжийн дагуу байгаль, цаг уурын онцлогт тохирсон моддыг тарилаа. Аймгийн хэмжээнд 23.000 ширхэг мод тарьсан бол Улиастай хотод хоёр настай 1000 ширхэг агч мод, 10000 чацарганы суулгац, 100 гацуур, 100 шинэс мод суулгажээ.
Энэ өдөр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Улиастай сумын ЗДТГ хамтран албан байгууллага, ард иргэдэд улиас, бургас, шар хуайс, хайлаас, үхрийн нүд, чацаргана, агч, гацуур, шинэс модыг үнэгүй тарааж тариулсан байна. Цаашид нийтийн эзэмшлийн зам талбайгаас гадна цэцэрлэгт хүрээлэн, айл өрхийн хашаанд жимсний болон төрөл бүрийн мод тарих ажлыг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөжээ.  Тухайлбал Завхан аймагт анх удаа тарьж буй агч мод нь хүйтэн, ганг тэсвэрлэх, хөнгөн хөрсөнд ургах чадвартай, тайралт хэлбэржүүлэлтийг даадаг, үзэмж сайтай гоёмсог мод ажээ.  Дашрамд Завхан аймаг энэ оны 11 дүгээр сараас Сэлэнгэ аймаг дахь ойн МСҮТ-д хот суурин газрын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн чиглэлээр ажиллах мэргэжилтнүүдээ явуулж суралцуулахаар болжээ. Ингэснээр цаашид Улиастай хотоо ногоон болгох зорилт үр дүнтэй хэрэгжинэ хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ