Гэр бүлийн хүчирхийллийн талаар судалгаа хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-13 15:09:55
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цагдаагийн газраас гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй эрсдэлтэй гэр бүл, үйлдэж болзошгүй этгээдүүдийн судалгааг гаргах, илрүүлэх бүртгэл судалгааг өнгөрөгч есдүгээр сарын 13-ны өдрөөс 19 суманд эхлүүлжээ. Энэ ажлыг дээрх этгээдүүдэд хяналт тогтоох, хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор хийж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар судалгаа хараахан дуусаагүй байгааг Цагдаагийн газраас мэдээлж байна.

Тус арга хэмжээний хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод “Тусламжийн хуудас” хүлээлгэн өгөх, хөрш зэргэлдээ айл өрхийн судалгааг гаргаж хүчирхийлэл үйлдэгдсэн тохиолдолд хуулийн байгууллагад “Заавал мэдээлэх” үүрэгтэйг танилцуулан бүртгэлд хамруулах, хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулах ажлыг хийж байгаа ажээ.

Бүртгэл судалгаа хийж дууссаны дараа судалгааг үндэслэн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй эрсдэлтэй гэр бүл, хүчирхийлэл үйлддэг болон үйлдэж болзошгүй этгээдүүдэд чиглэсэн эерэг зан үйлд сургах сургалт нөлөөллийн арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах, хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээг тодорхойлох ач холбогдолтой гэж байна.
                                                           
Энэхүү ажлыг Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, сумдын Засаг дарга, хамтарсан багийн гишүүд, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран хийж байгаа ажээ.
 
2017 оны 3 дугаар улирлын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 12 буюу өмнөх оны мөн үеэс 14-р буюу 53.85 хувиар тус тус  буурсан үзүүлэлттэй гарчээ.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ