Архангайн театрынхан сумдад аялан тоглож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-12 18:50:52
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ардын Жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн Хөгжимт драмын театрын бүх уран бүтээлчид сумдад өөрсдийн шинэ, шилдэг гэсэн уран бүтээлүүдээс бүрдсэн  “Соёл урлагийн өдрүүд” аялан тоглолт хийж эхэллээ. Энэ сарын 10-18-нд болж байгаа энэ удаагийн аялан тоглолт Өлзийт, Өгийнуур, Цэнхэр, Батцэнгэл сумын иргэдэд хүрэх юм.

Уг аялан тоглолтын гол зорилго нь Архангай аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “ Ирээдүй 1+1” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд театрын тайзнаа тавигдсан шинэ уран бүтээлүүдийг хүн амын бүхий л давхаргад хүргэх, хөдөөгийн иргэдэд үзүүлэх, соёл урлагийн явуулын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж өөрийн байгууллагын уран бүтээл болон уран бүтээлчдийг сурталчлах юм.

Аялан тоглолтоор хүүхдүүдэд зориулж МУСТА Ч.Түвшин найруулагчийн “Чиполлинод тохиолдсон адал явдал”, найруулагч Д.Батдэлгэрийн “Хүсэл” хүүхдийн сэтгэхүйн драмын жүжиг гэхчлэн “Хойд эцэг“ уянгын драмын жүжиг, Хөгжимт драмын театрын дэргэдэх амьд хөгжмийн “Бидний дуулал”, “Хангайн дуулал” шилдэг уран бүтээлийн концертуудыг сумын иргэдэд үзүүлжээ.

Аймгийн ХДТ-ын уран бүтээлчид энэ ондоо багтан Хотонт, Ихтамир суманд тоглох бол дараагийн ээлжинд аймгийн хойд талын болон баруун бүсийн суманд тоглолтоо хийх ажээ.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ