Өвөрмөц зураачийн дотоод өрнөл

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2017-10-11 19:53:05

Монголын орчин үеийн урлагийн төлөөлөгчдийн нэг, экспрессионист зураач Я.Булганы шилдэг уран бүтээлийн үзэсгэлэн “Их Монгол арт галерей”-д энэ сарын 16-ныг хүртэл толилуулагдахаар болжээ.

Олс, тооно, чулуу, эмэгтэй хүн, уйтгарт нүдтэй эсвэл уурссан харцтай сартайсан хамартай хүүхдүүд бидэнд юу хэлэхийг хүснэ вэ? Үзэсгэлэнд тавигдсан зургуудыг үзээд танд хамгийн түрүүнд энэ асуулт бодогдох нь лавтай. Хөгжил цэцэглэлт суурин соёл иргэншилд шилжиж буй бидний өнөөгийн нийгмийн эсрэг талд хийгээд хар хөшигний цаана юу сэрж, өндийн өсч буйг харуулахын тулд зураач Я.Булган урлаг бүхэн эрж хайдаг “үнэн” гэх асуултын эрэлд гарсан нь тодорхой харагдана.

Монгол хүн монголоороо үлдэж чадаж байна уу? Дэлхий эхтэйгээ холбоогоо тасалснаараа бид юунд хүрэв? Гэх олон асуулт эрэл хийж, нийгэмд  тулгамдаад буй асуудлуудыг хөндсөн уран бүтээлүүд нь "үнэнийг нүцгэлснээрээ" үзэгчдэд хүчтэй, өвөрмөц, дахин давтагдашгүй мэдрэмжийг үлдээж буй юм.



Экспрессионизм нь 20 дугаар зууны эхэн үеийн уран зураг, уран зохиолд анх биеллээ олсон урсгал гэдгийг зарим нэг уншигчид андахгүй мэднэ. Тус урсгалын  гол ялгарах чанар нь бодит байдлыг шууд дүрслэхээс илүүтэй хүний дотоод ертөнц, сэтгэлзүйн харанхуй талыг илүү харуулахын төлөө бодит байдлыг эвдэж, өөрчилөхөд чиглэгдсэн байдаг. Мөн уран зохиол, кино урлагт энгийн эхлэл, өрнөл, төгсгөлийн тогтсон уламжлалыг эвдсэн тохиолдол олон гэдгийг санууштай.  

1920 -иод оны үед Германд энэхүү урсгал нь уран зураг болон кинонд ид хүчээ авч дэлхий дахины анхаарлыг татаж байсан юм. Гэрэл болоод харанхуйн хүчтэй контраст, ер бусын визуаль дизайн, абстракт форм зэргийг уран бүтээлчид онцгойлон үзэж, шинэчлэн бүтээснээр урлагийн цоо шинэ нэгэн төрөл зүйлийг бий болгосон байна.

Я.Булганы зургууд ихэвчлэн өөрийнх нь дотоодыг илэрхийлсэн өрнөлтэй байгаа нь анхаарал татаж байв. Индиан маягаар хувцасласан патиар нь нүдэнд тодхон тусах, өвөрмөц төрх, зан араншин нь бүтээл дээ нэвт шингэчихсэн мэт санагдана. Ийм л уран бүтээлчээс өөр хэн ч илэрхийлж чадахааргүй ертөнцийг тэр бүтээжээ. Монгол хүүхэд бүрийн ихэнхи нь хар багаасаа л шагай тоглож өссөн байдаг.

Амьдралд тоглоом наадгай, инээд хөөрөөр дүүрэн хамгийн гэгээлэг үе нь хүүхэд нас байдаг. Гэтэл Я.Булганы уг зурагт модон тэргэн дээр суусан нялх жаал хийгээд дүүгээ түрж явна уу гэмээр хоёр хүүхэд дүрслэн зуржээ. Мөнхүү утсаар холбосон шагай, нум үзэгдэх ба нэг нь гартаа шилбүүр барьсан мэт харагдана. Тийм ээ бид уламжлалаас хэт хөндийрсөөр, ахуйн ёс заншил, үүх түүх маань алсран холдсоор байна. Уг санааг цөхөрч, шаналсан хүүхдүүдийн нүдээр илтгэн харуулахыг зорьсон нь шууд мэдрэгдэнэ. Бага насыг хүн бүхэн чихэр бурмаар төсөөлдөг ч үнэндээ зарим хүнд “халуун чинжүүнээс ч гашуун” хагацал тохиолдож, өнчрөх явдал гардаг. Өнөөгийн нийгэмд улам тод ажиглагдах болсон энэхүү асуудлыг олон зургийнхаа гол санаа болгосон байна.



Тэрээр нэгэн ярилцлагадаа “Ертөнц гэдэг өөрөө гайхмаар сонин, барагдашгүй оньсого шүү дээ. Энэ бүхнийг барна гэхэд нас хүрэхгүй. Гэхдээ урлагийн ямар ч хүнд шунал, тачаал гэж нэг зүйл байна. Уран бүтээлч хүнд хийх бүтээх энэ их шунал, тачаалын хажууд цаг хугацаа гэдэг дэндүү богино, хурдан санагддаг. Нэгэнтээ амьдран буй энэ хорвоод юмс бүхэн санаа. Заримдаа галзуу санаа төрнө. Заримдаа үнэхээр л энэ тухай зурах л ёстой гэж бодсон ч чиний хэлдгээр бүх зүйлийнх нь огтлолцлол таараагүй учраас бүрэн дүүрэн илэрхийлэгдэх боломжгүй санаанууд ч төрнө. Зарим нь ирсэн тэр орон зайруугаа буцчих шиг л...” хэмээжээ.

Үнэхээр л зарим зургийнх нь утгыг бүрэн дүүрэн тайлж хүчрэхгүй. Учир нь зураачийн дотоод өрнөл, сэтгэлийн хөдлөл, тухайн агшны мэдрэмжийг хураангуйлсан зурааснууд л цагаан цаасан дээр уралдан бууж энэхүү өвөрмөц ахуйг бий болгосон мэт ажээ.



Тогос шувуу хэдий ганган ч хөл нь үзэшгүй муухай, бадамлянхуа цэцэг үзэсгэлэнтэй ч балчиг шавраас бий болдог. Сайхан, муухай хоёр үргэлж зэрэгцэн оршиж байдаг. Я.Булганы зургууд Аристотелийн “Туурвил зүй” хэмээх алдарт бүтээлийн гол үндсэн санаан дээр ийнхүү суурилагдсан байх шиг... Бид өөрсдийн ёс заншил, хэл соёл, ав уламжлалаа хэрхэн алдаж буйд харууссан зураачийн дотоод сэтгэлийн өрнөл дахин давтагдашгүйгээр илэрхийлэгдсэн эдгээр бүтээлүүдийн үнэ цэнэ хойшдоо улам их өсөх буй за.
Тоймч: Б.Алтанхуяг
 
Холбоотой мэдээ