МАН-ын бүлэг Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлаар хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-10-10 15:52:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг У.Хүрэлсүхийн тэргүүлэх шинэ Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлаар Төрийн ордонд хуралдаж байна.
Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлаар МАН-ын гишүүд өчигдөр Ерөнхий сайдын өрөөнд удтал хуралдаж, урьдчилсан байдлаар нэрс тодруулсан. Ерөнхий сайд сайд нарын нэрсийг урьдчилсан байдлаар бүлгийн хуралдаанд өнөөдөр танилцуулж байгаа юм. Харин өмнөх Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан болон зураагүй хэмээн хоёр хуваагдаад байгаа МАН-ын бүлгийн гишүүд сайд нарын нэрс дээр хараахан тохиролцоонд хүрч чадаагүй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд эрх ашгийн зөрчилтэй гишүүнээр сайд томилохгүй гэсэн байр суурь баримталж буйгаа илэрхийлсэн. Ямартаа ч бүлгийн хуралдаанаар сайд нарын нэрсийг эцэслэн, тохиролцож чадвал МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, улмаар маргаашийн дотор Засгийн газрын бүрэлдэхүүнийг УИХ-д өргөн барих юм.

Мөн тус бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Үндсэн хуулийн цэцийн гишүүний асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг томилуулахаар УИХ-д саналаа хүргүүлээд байгаа юм.
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ