Аялал жуулчлалын салбарын олон улсын хурал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-10-05 16:43:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх хурал /CICA/ байгууллагаас өнгөрсөн сарын 28-29-нд Шинэ Дели хотод “Аялал жуулчлалын салбарт бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” сэдэвт бага хурлыг БНЭУ-ын Засгийн газартай хамтран зохион байгуулав.

Тус байгууллагын гишүүн 14 улс болон Энэтхэгийн төрийн байгууллагууд, аялал жуулчлалын салбарын судлаачид оролцсон энэхүү хуралд Элчин сайд Г.Ганболд Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хөгжил, монгол угсаатны ёс заншил, зан үйл, ахуй амьдрал, онгон байгаль, байгалийн дурсгалт газрууд тэдгээрийг түшиглэн аялал жуулчлалыг өргөжүүлэх боломж байгааг танилцуулж үг хэлэв.

Монгол Улс жилд  470 мянган орчим гадаадын жуулчин хүлээн авдаг бөгөөд  энэ тоо цаашид өсөх хандлагатай. Аялал жуулчлалд шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэн, аялал жуулчлалын цогцолборуудыг барьж, бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэх замаар гадаадын жуулчдын тоог ирэх таван жилд нэг саяд хүргэхээр зорин ажиллаж байгааг тэрбээр тэмдэглэн хэлэв.

Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг болгон хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн бөгөөд аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, тодорхой төсөл хэрэгжүүлэхэд бэлэн байгааг Элчин сайд цохон тэмдэглэв.

Азийн итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх хурал /CICA/ 1992 онд Казахстан Улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын санаачилгаар бүс нутгийн тогтвортой хөгжил, аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор байгууллагдсан. Одоо 26 гишүүнтэй аж.

Холбоотой мэдээ