Байгалиа хамгаалж, амжиргаагаа дээшлүүлэх төсөл амжилттай хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-04 10:17:34
Хэнтий /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад, тэр дундаа Хэнтий аймагт байгаль орчны чиглэлийн олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж, тодорхой үр дүнгээ өгсөөр байна. Тэдний нэг нь "Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ" – МОН/13/303 төсөл юм.

Саяхан төслийн багийнхан Хэнтий, Дорнод аймгуудад ажиллаж, нутгийн удирдлага, иргэд, нөхөрлөлүүдийн төлөөллүүдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсон, төслийн хэрэгжилттэй газар дээр нь очиж танилцлаа.

Төслийн үндэсний зохицуулагч Б.Оюунтүлхүүр, “Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачлага” төслийн зөвлөх Б.Чимэд-Очир, БОАЖЯ-ны гэрээт ажилтан Б.Ганцэцэг, Төслийн жолооч Я.Дагвадорж, МОНЦАМЭ агентлагийн Хэнтий аймаг дахь сурвалжлагч Д.Одонтунгалаг нар орон нутагт ажиллах багийн бүрэлдэхүүнд  багтан төслийн ажилтай танилцлаа.

Уг төсөл нь Даян дэлхийн байгаль орчны сан (Global Environment Facility) болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар (ТХНУГ)-т 2013 оноос эхлэн хэрэгжиж байна. Төсөл “Гулзат” ОНТХГ - (Увс аймгийн Сагил, Бөхмөрөн сумд); “Хавтгар” ОНТХГ- (Хэнтийн аймгийн Батширээт сум); “Түмэнхаан-Шалз” ОНТХГ- (Дорнод аймгийн Цагаан-Овоо, Баян-Уул сумд, Хэнтий аймгийн Норовлин сум) –т тус тус хэрэгждэг.

Төслийн гол зорилго нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хилээс гадуур орших дэлхийд ач холбогдол бүхий ан амьтны амьдрах орчныг нутгийн иргэдэд түшиглэн хамгаалах туршлагыг жишиг байдлаар төслийн зорилтот 3 ОНТХГ-т бий болгох, үүнтэй холбоотой эрх зүйн орчныг сайжруулахад оршино. Энэхүү зорилгын хүрээнд төсөл хэрэгжиж буй аймаг, суманд нутгийн иргэд, малчдыг байгаль хамгаалах үйлсэд татан оролцуулах, тэднийг чадавхжуулах, орлогынх нь эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг юм байна.

Бидний эхний очсон сум бол Хэнтий аймгийн Батширээт сум байлаа. Тэнд сумын Засаг дарга М.Болд, Хавтгарын хөгжил ОНӨААТҮГ-ын захирал Г.Ганцогт, УЗ-ийн гишүүд, нөхөрлөлийн гишүүдтэй уулзалт хийж, зарим нөхөрлөлүүдийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Энэ сум газрын доорх баялаг ихтэй, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл ид олгогдож байсан үед нутгийн иргэд санаачлага гарган сумын ИТХ нь дэмжиж, нийт 104,9 мянган га газар нутгаа “Хавтгар”-ын ОНТХ-т авчээ. Улмаар "Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” – МОН/13/303 ангийн тогтвортой менежмент төсөл хэрэгжүүлснээр тус суманд буга, гахай, хүдэр гэх мэт ховор ан амьтад нутагладаг болжээ. Мөн төслийн хүрээнд 6 нөхөрлөл байгуулагдан, 88 өрхийн 178 гишүүнийг эгнээндээ элсүүлж, 56.585 га газар нутгийг эзэмшин хариуцан хамгаалж байна. Түүнчлэн Хавтгарын орчны бүсийн дээрх нөхөрлөлүүд байгалиа хамгаалахын зэрэгцээ төслөөс санхүүжилт авч, өрхийн орлогоо нэмэгдүүлэн ажиллаж байна.

Тухайлбал бидний уулзсан “Согоот” нөхөрлөлийн ахлагч С.Намшир ярихдаа “Манайх 2008 онд байгуулагдсан, 12 өрхийн 25 гишүүнтэй, 8775 га талбай ойн санг гэрээгээр эзэмшин хамгаалдаг. Төслийн хүрээнд сургалтад хамрагдаж, 3.5 сая төгрөгийн санхүүжилт авч мөн өөрсдөөсөө хөрөнгө гарган нарийн ногоо тариалсан. Үүнийг нөхөрлөлийн орлогч н.Туяа хариуцдаг. Энэ жилийн хувьд ургац сайн байгаа. Өрхүүд усалгаагаа ээлжилж, хамтарч хийж байна. Ер нь төсөл хэрэгжсэнээр нөхөрлөл баг хамт олон болж, аливаа ажлыг хамтын хүчээр, эв нэгдлээр шийдэж байгаа нь сайхан санагддаг” гэлээ.

Дараагийн очсон “Цэгээн” нөхөрлөл 16 өрхийн 32 гишүүнтэй, сайн дурын 2 байгаль хамгаалагчтай, нийт 7482 га газар нутгийг хариуцан хамгаалдаг аж. Тус нөхөрлөлийн гишүүн н.Баярмаа төслөөс 1 сая гаруй төгрөгийн санхүүжилт авч өөрөөсөө мөн 2 сая гаруй төгрөгийн хөрөнгө гарган талх, нарийн боовны цех ажиллуулж эхэлсэн нь ихээхэн үр дүнтэй байгаа юм байна. Өдөрт дунджаар зуны улиралд  40-50 талх үйлдвэрлэж, нэг бүрийг нь 2500 төгрөгөөр өдөртөө борлуулаад дуусдаг гэнэ. Мөн бялуу, пицца, ёопошк, хар талх цэргийг үйлдвэрлэдэг болжээ. Цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлж, сумын хэрэгцээгээ хангах,  мөн Улаанбаатар хот, бусад төв суурин газарт салбараа нээх хүсэлтэй гэдгээ тэрбээр хэлж байлаа.

Дараа нь бид Батширээт сумын “Мон Эг” нөхөрлөлөөр зочлов. 2010 онд байгуулагдсан тус нөхөрлөл 27 өрхийн 40 гаруй гишүүнтэй, 19.286 га газар нутгийг хариуцан хамгаалдаг юм байна. Сумаас баруун хойш хөвч, ой мод, ховор ан амьтдаа, хилээ идэвхтэн байгаль хамгаалагч нар нь байнга эргэж, нөхөрлөлийн гишүүд түймрийн улиралд 1, 2-р ээлжээр хуваарилагдан ажилладаг гэнэ. Мөн сумаас өгсөн хуваарьт модыг бэлтгэж орлого олох, түлээгээ бэлтгэж, нөхөрлөлүүддээ хямдралтай үнээр өгөх зэрэг ажлуудыг хийдэг байна. Ихэнх нь мал аж ахуй эрхэлдэг бөгөөд нөхөрлөлийн 15 гишүүд нэгдэн энэ жил 10 шуудай төмс тариалжээ. Мөн гишүүн н.Цэрмаа 2.5 га талбайд төмс, лууван, манжин, сонгино, хүлэмжинд нарийн ногоо тарьж, огурцы гэхэд л 380-аад кг-ыг хураан авч борлуулжээ. Үлдсэнийг нь савлаж, даршилж үзэсгэлэн худалдаанд оролцох бэлтгэлээ хангаж байв. Тэд ногоогоо хэрчих, даршлах 3 сая гаруй төгрөгийн жижиг төсөл бичиж өгөөд зарим тоног төхөөрөмжөө хүлээн авч үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ. Цаашлаад сумынхаа хүнсний ногооны хэрэгцээг хангах зорилготой юм байна. Ийнхүү нөхөрлөлийн гишүүд төслөөр дамжуулан жижиг үйлдвэрлэл эрхэлж, өөрсдөө орлого олохын зэрэгцээ дундын сан үүсгэн бие биедээ туслах, эргүүлээд байгаль орчноо хамгаалахад, эргүүл шалгалт хийхэд бензин шатахуунаас өгсүүлээд хувь нэмрээ оруулж байгаа нь уг төслийн үр дүнгийн нэг илэрхийлэл юм.

Бидний очсон хоёр дахь сум Хэнтий аймгийн Норовлин сум байлаа. Төслийн багийнхан сумын орлогч дарга Ө.Даваажаргалтай уулзаж, “Түмэнхаан-Шалз” ОНТХГ-ын талаар ярилцаж, цаашдаа төслөөс бэлтгэгдсэн мэргэжилтэнг байнгын ажлын байраар хангах талаар санал солилцлоо. Норовлин суман дахь төслийн зохицуулагчаар О.Ууганбат ажиллаж байна.

"Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” – МОН/13/303 төслийн үндэсний зохицуулагч Б.Оюунтүлхүүрийн мэдээлснээр,
 Түмэнхаан-ШалзОНТХГ- Тус төслийн хүрээнд орон нутгийн захиргаа, иргэдийн санаачлагаар Тосонхулстай, Онон Балжийн УТХГ-ын хооронд орших 348,03 га талбай бүхий газар нутгийг Дагуурын ойт хээр, цагаан зээр, Монгол тарвага, нүүдлийн шувуудад чухал газруудыг хамгаалах зорилгоор 2014 онд дээрх 3 сумын ИТХ-ын шийдвэрээр орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. "Түмэнхаан-Шалз"-ын ОНТХГ нь цагаан зээрийн төллөх болон нүүдэллэх Монгол орны зүүн талын популяцийн гол бүс нутаг юм. “Түмэнхаан-Шалз"-ын ОНТХГ-ын хамгааллын үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлэх менежментийн бүтэц (Дорнод, Хэнтий аймгийн БОАЖГ, Тосонхулстай,  Онон   Балжийн УТХГ-ын Хамгаалалтын захиргаад, 3 сумын захиргаа, 15 байгаль хамгаалах нөхөрлөл, 26 идэвхтэн байгаль хамгаалагч)-ийг бий болгосноор биологийн олон янз байдалд тулгамдаж буй асуудлыг сум, аймгийн түвшинд уялдуулан шийдвэрлэх чухал механизм болж байна. Тус ОНТХГ-т Нутгийн иргэдийн санаачлагад тулгуурлан байгуулагдсан байгаль хамгаалах 15 нөхөрлөлийн нийт 149 өрх 175,8 мян.га талбайг сумын Засаг даргатай хийсэн гэрээний үндсэн дээр хариуцан хамгаалж байна. Үүний үр дүнд тус бүс нутаг дахь ховор ховордсон түлхүүр зүйлүүдийн тоо толгой өсөн нэмэгдэж, хулгайн ан, гэмт хэрэг зөрчлийн тоо буурч байгаа талаар тайлан мэдээнд бүртгэгдсэн” гэлээ.

Норовлин суманд ажиллах үеэрээ тус сумын “Түмэнхаан” нөхөрлөлийн багийн ахлагч Н.Гэрэлтуяатай уулзаж ярилцав. Тус нөхөрлөл 2005 онд 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан бол одоо 13 өрхийн 70-аад гишүүдтэй болжээ. Эднийх нийт 1171.5 га газар нутгийг хариуцан хамгаалдаг. Нийт 2 сая 600 мянган төгрөгийн хүнсний ногооны жижиг төсөл авч хэрэгжүүлсэн учраас энэ жил ургац боломжийн авахаар байгаа гэнэ. Төслийнхөө үр шимийг ид хүртэж, ойлголт мэдээлэлтэй болж байгаа үед дуусах гэж байгаа нь харамсалтай” хэмээн тэрбээр ярьж байсан юм.

Дараа нь бид Норовлин сумын Баян уулын орчмын нутагт байрлах “Нарстай” нөхөрлөлөөр зочилж, багийн ахлагч Ж.Энхбатаас төслийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлыг нь тодрууллаа. Эднийх 2015 оны 3 дугаар сард байгуулагдсан, гэрээт бэлчээрийн газар тарвагыг өсгөн үржүүлэх, хамгаалах, чухал газрыг хамгаалах, зохистой ашиглах үүрэг хүлээжээ. Нийт 17529.4 га газар нутгийг хариуцан хамгаалдаг юм байна. Төслөөс 3 сая 200 мянган төгрөгийн санхүүжилт авч мал угаах ванныг сэргээн засварлажээ. Нөхөрлөлийн нийт мал 2377 толгой, хонин толгойд шилжүүлснээр 5017.2 толгой аж. Энэхүү ваннанд өөрсдийнхөө гишүүдийн малыг үнэ төлбөргүй, голын урд хэсгийн айл өрхийн бог малыг нэг бүрийг нь 300 төгрөгөөр угааж тодорхой орлого олж, дундын сандаа төвлөрүүлэх зорилготой байгаа гэлээ.

Бидний дараагийн зогсоол Дорнод аймгийн Баян-Уул сум байв. Тэнд сумын төр захиргааны байгууллагын холбогдох албаны хүмүүс, нөхөрлөлийн гишүүдтэй уулзалт хийж, Улаан-Өндөр нөхөрлөлөөр зочиллоо. Тус нөхөрлөлийн ахлагч Б.Намжилдулам ярихдаа “Манайх 2015 оны 3 дугаар сард 7 өрхийн 14 гишүүнтэйгээр байгуулагдсан. Нийт 7352.1 га газар нутгийг хариуцан хамгаалдаг, нэг идэвхтэн байгаль хамгаалагчтай. Нөхөрлөл байгуулагдсанаар хулгайн ан эрс багассан.  Бид төслөөс 2 сая төгрөгийн санхүүжилт авч өөрсдөө хашаа байшин саваа бэлтгэж янзлан 70 гаруй тахиа худалдаж авсан. Өөрсдийн буруугаас болж, заримыг нь онд оруулж чадалгүй үрэгдүүлсэн зүйл бий. Одоогоор 40 гаруй тахиатай, нөхөрлөлийн гишүүд ээлжлэн хоол хүнсийг нь бэлтгэн өгдөг. Өдөрт дунджаар зуны цагт 20 гаруй өндөг авч, нэг бүрийг нь 400 төгрөгөөр зарж борлуулдаг. Түүнээсээ эргээд тэжээл худалдан авах, байгаль хамгаалагчдаа шатахуун хийж өгөх зэргээр байгаль орчиндоо хөрөнгө оруулалт хийдэг. Цаашдаа тахиагаа үржүүлж, нөхөрлөлийн гишүүддээ хувааж өгч орлогоо нэмэгдүүлэх боломжтой” гэв. 

Харин “Хар нуур” нөхөрлөлийн ахлагч Б.Долгоржавтай уулзахад эднийх 2015 онд байгуулагдсан, 14 гишүүнтэй, идэвхтэн байгаль хамгаалагчаар Ц.Ломбодорж ажилладаг, нийт 15 мянган га газар нутгийг хариуцан хамгаалж байна. Нөхөрлөлийн газар нутагт байдаг тарвага, цагаан зээр хамгаалах ажлыг голлон хийдэг. Дундын сандаа нэг өрхөөс жил бүр 75  мянган төгрөг хуримтлуулдаг. Түүгээрээ байгаль хамгаалагчийнхаа шатахууны зардлыг гаргадаг, бие биедээ тусалдаг, нэгэн ам бүл шиг л бүх зүйлд хамтаар зүтгэдэг байна. Тус нөхөрлөлийн гишүүд малын тэжээл тариалдаг гэнэ. Мөн төслөөс 70 хувь, нөхөрлөлөөсөө 30 хувийг гарган нийт 1  сая 700 мянган төгрөгийн өртөгтэй Бөөний булгийг хашаажуулах ажлыг хийжээ. Нийт 13 өрхийн 3000 гаруй малынхаа дийлэнхийг энэ булгаасаа ундаалдаг юм байна.

Дараа нь бид Баян-Уул сумын “Эрдэнэбулаг” нөхөрлөлийн багийн ахлагч Б.Балбармаатай уулзлаа. Тус нөхөрлөл 2009 онд 6 өрхийн 20 гишүүнтэй байгуулагдаж, анх ой мод, байгаль хамгаалах, мөн нөхөрлөлийн гишүүдийн амжиргааг дээшлүүлэх зорилготой гутлын тасаг ажиллуулдаг байжээ. Харин уг төсөлд хамрагдсанаар 18096.7 га газар нутгийг хариуцан ой мод, бэлчээр, ан амьтнаа хамгаалах үүрэг давхар хүлээжээ. Тус сумын шүтээн Баян-Уул энэ нөхөрлөлийн нутаг дэвсгэрт байрладаг байна. Нөхөрлөлөөс байгаль орчноо хамгаалахад нөлөө үзүүлэх зөгийн аж ахуйг сонирхож, 3 сая төгрөгийн жижиг төсөл авч, өөрсдөөсөө 2 сая гаруй төгрөгийн санхүүжилт гарган 2 бүл зөгийг дагалдах хэрэгслүүдийн хамт авчээ. Өнгөрсөн жилийн хугацаанд зөгийгөө өсгөн үржүүлж, 20-иод кг бал хураан авч худалдан борлуулсан байна. Харин энэ жилийн хувьд 25 бүл зөгийтэй болж, эхний ээлжинд 40-өөд кг зөгийн бал хураан авч Улаанбаатар хотод борлуулаад байгаа аж. Ийнхүү оршин суугаа газар нутгийнхаа байгалийн баялгийг тодорхой нөхцөлтэйгөөр хариуцан хамгаалж, тэндээсээ ашиг шим хүртэж байгаа нөхөрлөлүүдийн нэгэн жишээ энэ буюу. Дорнод аймгийн Баян-Уул суман дахь  төслийн  зохицуулагчаар  Б.Мөнхбат ажиллаж байна.

Төслийн багийнхан байгаль хамгаалах нөхөрлөлийн сайн туршлагаас тэргүүн эгнээнд бичигддэг “Хараат” нөхөрлөлийн багийн ахлагч М.Эрдэнэбилэгийнд саатан зочиллоо. Тус нөхөрлөл 2014 онд 11 өрхийн 18 гишүүнтэйгээр анх байгуулагдсан. Дорнод аймгийн Баян-Уул сумын Хараат уулын орчим нийт 21985 га газар нутгийг хариуцдаг. Тал бэлчээр голдуу, тарвага ихтэй, намартаа цагаан зээр нутагшдаг онцлогтой аж. Анх тарваганы тоо толгой цөөрсөн байдалтай байжээ.

Нөхөрлөлийнхөн Биологийн хүрээлэнгийнхэнтэй хамтран 60 тооны тарвагыг нутагшуулснаар өнгөрсөн зуны байдлаар 100 га тутамд 35 бүл 250 гаруй тарвага тоологджээ. Үнэхээр ч эргэн тойрны нүх бүр эзэнтэй болсныг илтгэх шиг "шар хорхой"-нууд энэ тэндгүй гүйлдэх нь эгдүүтэй.

Ийнхүү нутгийн иргэд, идэвхтэн байгаль хамгаалагч нар тухайн нутагт оршин буй зэрлэг ан амьтан, ургамал, биологийн олон янз байдалд тулгардаг аюул заналыг бууруулж, тэдгээрийг хамгаалах, өсөн үржихэд хувь нэмэр оруулж байна. 2016 онд идэвхтэн байгаль хамгаалагчид эргүүл хяналт, шалгалт сайн хийсний  үр дүнд зөвхөн Дорнод аймгийн Баян-уул суманд (Түмэнхаан-Шалз орон нутгийн хамгаалалттай газар) 123 хавх хураан авч тарваганы хууль бус агналтыг хязгаарлажээ. Тус суманд хураагдсан нийт 213 хавхаар Тарваганы Хөшөө босгосон нь Төслийг санхүүжүүлэгч байгууллага болон яам, бусад аймгуудад сайн жишээ болон яригдсаар байгаа юм. Энэхүү хөшөө нь хууль бус агнуурыг багасгах, тарваганы амьдрах орчныг хамгаалах, тарвага нь биологийн төрөл зүйлийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг талаарх орон нутгийн иргэдийн бахархлыг төрүүлэхэд дэмжлэг болж өгчээ.

НҮБХХ-ийн “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төсөлтэй хамтран 2015-2016 онд нийт 117 тарвагыг Баян-Уул сумын Хараат нөхөрлөл, Цагаан-Овоо сумын “Өвөр хоолой” нөхөрлөлүүдийн нутагт сэргээн нутагшуулж тарваганы тоо толгой зах зээлийн өмнөх үеийнхтэй ижил хэмжээнд очсон гэж нутгийн иргэд ярьж байна. Ан амьтны тоо толгойг өсгөн үржүүлснээр тухайн хамгаалалтыг хангаж буй малчид, иргэд үр шимийг нь хүртэх ёстой, энэ талаар цаашид төсөл орон нутагтай хамтран хийх ажлууд нэлээдгүй байгаа аж.

Төслийн багийнхан явсаар Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд хүрэлцэн ирж, нутгийн удирдлагуудтай уулзан “Мандал цэнгэлэг”, “Баяннуурын хоолой” нөхөрлөлийн гишүүдтэй 5-р багийн төвд уулзалт зохион байгуулав. Энэ үеэр “Мандал цэнгэлэг” нөхөрлөлийн ахлагч Б.Долгоржавтай цөөн хором ярилцлаа. Тэрбээр “Манайх 2015 оны 3 дугаар сард 11 мянган га газар нутгийн бэлчээр, ан амьтанг хамгаалах зорилготойгоор сайн дурын үндсэн дээр анх байгуулагдсан. Нөхөрлөл 9 өрхийн 18 гишүүнтэй, манай хамгаалдаг газар нутагт Гүн цэнгэлэг нуур бий.

Нууранд маань хун шувуу, бор галуу, цэн тогоруу гэх мэт олон зүйлийн шувууд нүүдэллэн ирдэг байснаа тоо толгой нь цөөрсөн. Бидний хувьд нөхөрлөлийн системд орж, нуураа хамгаалж, хог шороог нь цэвэрлэж, адуу малыг нь анхаарч ажилласны дүнд сүүлийн жилүүдэд шувуудын тоо толгой нэмэгдсэн. Манайх цагаан зээрийн дамжин өнгөрдөг нутаг, тарвага цөөнтэй, хоёр байгаль хамгаалагчтай. Цаашид сүү цагаан идээгээ боловсруулж, аарц хэлбэрээр нь зах зээлд нийлүүлэх боломжтой. Төслийн үр дүнд нэг баг болон ажиллаж сурсан. Харамсалтай нь жижиг төсөл авч хэрэгжүүлж амжилгүй төслөө дуусгаж байна даа” гэж ярьлаа.

Харин “Баяннуурын хоолой” нөхөрлөлийн ахлагч С.Дуламсүрэн хэлэхдээ “Манай нөхөрлөл байгаль хамгаалах чиглэлээр 2014 онд байгуулагдсан. Нийт 10579 га газар нутгийг хариуцан хамгаалдаг, 22 өрхийн 70 гаруй гишүүнтэй. Манай хамгаалдаг нутаг баруун зүүн Эрвээхэй, Баяннуурын хоолой зэрэг уст цэгүүдтэй. Эдгээрийг дагасан 18 төрлийн 500 гаруй ховор шувууд байдаг гэсэн судалгаа бий. Бид нөхөрлөл болж ажилласнаар хамтарч нэгдэж, үр бүтээлтэй ажил хийж сурлаа, байгаль хамгаалах чиглэлээр өргөн мэдлэгтэй боллоо, эмэгтэйчүүдийн бүлгээрээ нийлж, ойртож дотносож, үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцох зэргээр үр дүн гарсан байгаа. Нөхөрлөлийн хэмжээнд 1000 гаруй үнээ байдаг. Сүү цагаан идээгээ тэр бүр боловсруулж чадахгүй байгаа учраас ихэнхдээ эхлээр нь тавьдаг. Төслийнхөө тухай бид сайн ойлгож мэдэрч эхэлж байтал дуусах хугацаа нь болчихсон байгаа нь харамсалтай. Гэхдээ цаашдаа үргэлжлүүлж, нөхөрлөлөөрөө байгалиа хамгаалж ажиллана” хэмээн ярьсан юм. Дорнод аймгийн Баян-Уул суман дахь  төслийн  зохицуулагчаар М.Алдар ажиллаж байна.

2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ГҮЙЦЭТГЭЛ, ҮР ДҮН
Төсөл хэрэгжүүлэх нэгж нь 2017 онд нийт 22 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 12 нь бүрэн хэрэгжсэн, 10 нь хэрэгжиж байна. Төслийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсвийн нийт гүйцэтгэл энэ оны 6 дугаар сарын 15-ны байдлаар 54,5 хувийн биелэлттэй байгаа аж. Түүнчлэн “Төсөл хэрэгжиж буй 3 ОНТХГ-ын түлхүүр зүйлүүдийг хамгаалах талаар аймаг, сумын хэмжээнд баримтлах стратеги, төлөвлөгөө боловсруулах байна. Мөн Орон нутгийн тусгай хамгаалалттай газар (ОНТХГ)-ын мэдээллийн сан /http:www.eic.mn/spalocal/-гийн тогвортой байдлыг хангах зорилгоор эрхзүйн актууд боловсруулсан, Шийдвэр гаргах түвшний олон улсын аялалыг Бүгд Найрамдах Казахстан улсад зохион байгуулсан, Түлхүүр зүйлүүдийн хамгаалал, мониторинг хийсэн гээд олон ажлуудыг дурьдаж болох юм.

ОНТХГ-ын санхүүжилт, бусад төслүүдтэй хамтын ажиллагаа бий болгох ажлын хүрээнд:
1.“Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга” төсөлтэй хамтран Түмэнхаан шалз, Хавтгарын ОНТХГ-уудад тогтвортой санхүүжилтийг бий болгох хамгийн боломжит хувилбарыг сонгон, үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байна.
2. Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт төслийн үйл ажиллагаанд Түмэнхаан шалз ОНТХГ-ын 3 сум хамрагдах болсон тул хамтарсан сургалт, танилцах аялал зохион байгуулах, хамтарсан эргэлтийн сан байгуулах талаар төлөвлөн ажиллаж байна.

Цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
- Үр нөлөөний үнэлгээнд үндэслэн хуулийн үзэл баримтлал, хуулийн төслийг шинээр байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд эцэслэн боловсруулах. БОАЖЯ нь дээрх баримт бичгүүдийг энэ оны 9 сард Засгийн газарт, 11 сард УИХ-д тус тус өргөн барихаар төлөвлөж байна.
- “ОНТХГ-ын хамгаалалтын менежментийг ТББ, нөхөрлөлд гэрээгээр хариуцуулан хэрэгжүүлэхэд баримтлах заавар”-ын төслийг БОАЖ-ын сайдын тушаалаар батлуулах.
-  ‘Газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах журмын төслийг талуудаас ирүүлсэн саналыг тусган эцэслэн боловсруулж, БОАЖЯ-д хүргүүлэх, улмаар Засгийн газраар батлуулах.
-  ОНТХГ болон байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн мэдээллийн сангуудыг БОАЖЯ, холбогдох төр, захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх зэрэг ажлууд төлөвлөгджээ.

Төслийнхний өмнө тулгамдаж буй гол асуудал, эрсдэл нь улс төрийн байдал болж байгаа нь нууц биш. Байгалийн баялаг нь төрийн халдашгүй өмч болж, тэнд иргэдийн оролцоог оруулж ирж байгаа нь манайх шиг өргөн уудам нутагтай, хүн ам цөөн оронд тохирох хамгаалалтын арга юм. Тиймээс төсөл хэрэгжүүлэх нэгж нь сүүлийн 6 сарын хугацаанд одоогийн бий болсон хамгаалалтын менежментийн бүтцийн тогтвортой үйл ажиллагааг дэмжих, орон нутгийн удирдлага, нөхөрлөлийн нутгийн иргэдийн хамгаалалттай газар нутгийн үзэл баримтлалын хүрээнд урт хугацааны үр ашигтай менежментийг хэрэгжүүлэхэд чиглэсэн чадавхийг бэхжүүлэхэд голлон анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байна. Төсөл ирэх онд дуусах бөгөөд 2018 оны нийт төсөв нь 89,856.47 ам доллар аж.
Д.Одонтунгалаг

 
 
 
 
Холбоотой мэдээ