Иргэдтэйгээ ойртож, эргэх холбоотой ажиллах ажлаа эрчимжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-10-03 12:11:26
Сэлэнгэ /Монцамэ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ИТХ-аас иргэдтэйгээ ойр эргэх холбоотой ажиллах тал дээр шинэлэг ажлуудыг зохион байгуулж, ажлынхаа төлөвлөгөөнд тусган ажиллаж байгаа аж.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ИТХ-ын төлөөлөгчид "Төлөөлөгчдийн өдөрлөг" арга хэмжээг сумандаа анхлан санаачилж, тодорхой ажлуудыг зохион байгуулан явуулжээ. Өдөрлөгийн нээлтийн үеэр сумын ИТХ-ын дарга Н.Ариунжаргал, Засаг дарга П.Батсайхан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Л.Өлзийцэнгэл нар төлөөлөгчдөд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн байна. Алтанбулаг сумын 1, 2, 3-р багаас сонгогдсон төлөөлөгчид өөрийн сонгогдсон тойргийнхоо ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл, өрх толгойлсон аав, ээжүүд, мөн гэрийн асрамжид эмчлүүлдэг хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өрхүүдээр орж ИТХ-ын үйл ажиллагаа болон сум орон нутгийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авсан байна. Энэхүү үйл ажиллагаа нь "Ахмадын баяр"-ын өмнө болсон учраас сумын өндөр настай 10 иргэнд сумын ИТХ-аас хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулсан аж. Төлөөлөгчид ингэж иргэдтэйгээ ойртон ажиллаж, амьдрал ахуйтай нь танилцахын зэрэгцээ сумынхаа Төр төсвийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, байгууллагын дарга, эрхлэгч нарын тайлан мэдээллийг сонсон, ажилтан албан хаагчдын санал хүсэлт, тулгамдаж буй асуудлын талаар ярилцжээ.
Ийнхүү 2016-2020 онд бүрэн эрхээ хэрэгжүүлэх Алтанбулаг сумын ИТХ-аас дөрвөн өдөр өрнөсөн төлөөлөгчдийн өдөрлөгийн хүрээнд иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг холбогдох албан тушаалтанд уламжлан хүргүүлж, цаашид иргэдтэйгээ улам ойр, эргэх холбоотой ажиллах тал дээр илүү их ажил зохион байгуулж ажиллахаар төлөвлөж байгаа аж.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ