Эрүүл мэндийн салбарынхан тайван жагсаал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-10-02 17:57:06
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт өнөөдөр эмч нар болон эрүүл мэндийн байгууллагын ажилчид тайван жагсаал хийлээ. 

Tус аймагт өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан тайван жагсаал хийж цалин нэмүүлэх, эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн асуудлыг хөндөж санал бодлоо илэрхийллээ. "Эрүүл мэндийн салбарын хамт олон өглөөний нарнаас шөнө дөл болтол ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ар гэрээ мартан ажилладаг хэрнээ авч байгаа цалин нь үнэхээр бага. Сая энэ цуглаан дээр эмнэлгийн асрагч 380 мянган төгрөгийн цалин авдаг гэж хэлж байна. БОЭТ-ийнхөн 40 гаруй ажилчид нь Солонгос руу гарах гээд байна гэж ярьж байна. Цалин муу учраас ар гэр ахуй амьдралаа бодоод энэ сайхан мэргэжилтэй хүмүүс гадаадад гарч ажиллахаас өөр аргагүйд хүрч байна. Тиймээс өнөөдрийн энэ цуглаан зөвхөн цуглаад өнгөрөх биш эрүүл мэндийн салбарын ажилчдын амьдрал дээр бодит үр дүнд хүрсэн ажил байгаасай гэж хүсч байна" гэж тус аймгийн ЗООНОЗ өвчин судлалын төвийн шимэгч судлалын лаборант Д.Наранцэцэг ярилаа. Тэрээр тус байгууллагад 34 дэх жилдээ ажиллаж байгаа ажээ. 
Энэхүү тайван жагсаалд тус аймгийн БОЭТөв, ЗООНОЗ-ын төв, багийн эрүүл мэндийн төвүүд, аймгийн Эрүүл мэндийн газрынхан оролцсон юм. "Эмнэлгийн ажилчдын онцгой нөхцөлд ажилласны 3, 5 жилийн тэтгэлэг өгдөг юм. Үүнд эрүүл мэндийн газрынхан хамрагддаггүй. Өнгөрсөн онд энэ талаар асуудал хөндөж улсын төсөвт суулгаж өгсөн байсан боловч шинэ Засгийн газар байгуулснаар уг тэтгэмжийг хассан. Гэтэл бодит байдал дээрээ ямар нэгэн онц халдварт өвчлөл гарлаа гэхэд манай мэргэжилтнүүд хамгийн эхэнд газар дээр нь очиж танилцдаг юм. Энэ асуудал бидний хувьд хөндөх сэдэв болоод байгаа" гэж Эрүүл мэндийн газрын үйлдвэрчний хорооны дарга н.Дүүмаам ярилаа. 
Энэ сарын 4-нд Улаанбаатар хотод болох жагсаалд тус аймгаас мөн оролцох юм байна. 
Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ