Бүргэдийн баяраар гар урлал, бэлэг дурсгалын үзэсгэлэн гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-09-30 17:07:17

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Хүнс, хөдөө  аж ахуйн газраас 9 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд болох "Бүргэдийн баяр-2017" арга хэмжээний үеэр гар урлал, бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болжээ.

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулж Саят толгойгоос тусгай талбай гаргаж өгсөн бөгөөд бизнес эрхлэгчид өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдээ танилцуулж, борлуулах аж.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний албанаас өгсөн мэдээллээр тус аймагт гар урлал, бэлэг дурсгал, хатгамлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 4 аж ахуйн нэгж, 70 орчим иргэн бүртгэгджээ. 2016 оны Бүргэдийн баяраар тухайн иргэд, аж ахуйн нэгжүүд мөн бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж, 30 гаруй сая төгрөгний орлого олсон байна.

Үзэсгэлэн худалдаанд оролцох бизнес эрхлэгчдээс ямар нэгэн төлбөр авахгүй бөгөөд тогтоосон талбайд бүтээгдэхүүнүүдээ байрлуулж үйл ажиллагаа явуулах боломжтой ажээ.  

Ө.Нурболат

Холбоотой мэдээ