Хангайн бүсийн мөрдөгчид мэргэшүүлэх сургалтад хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-09-28 17:25:52
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгууд дахь Цагдаагийн газруудын эрүүгийн мөрдөгч, хэсгийн төлөөлөгч нарын мэргэшүүлэх сургалт Арвайхээр хотноо болж байна.
Сургалтын нээлтийн үйл ажиллагааг Аюуш баатрын талбайд зохион байгуулсан бөгөөд ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж, ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан, ЦЕГ-ын тусгай газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Т.Дамбийням, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Б.Эрдэнэхүү нар оролцлоо.
Мөн аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Т.Гончигдорж, Засаг даргын орлогч О.Батжаргал, Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Отгонцэцэг, Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын дарга нар болон бусад албаны хүмүүс оролцов.
“Өнгөрсөн онд шинэчлэн батласан Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хууль, Цагдагийн байгууллагын тухай хуулийг ард иргэдтэй хамгийн ойр ажилладаг хэсгийн төлөөлөгчид өөрсдөө зөв хэрэгжүүлж, үнэн шударга ажиллах ёстой. Тиймээс энэхүү сургалтыг зохион байгуулж, цагдаагийн алба хаагчдын мэдлэг боловсролыг сайжруулах, ажлын хариуцлага, харилцааны соёл, ёс зүйн шаардлагыг ханган ажиллахад нь тусалж дэмжиж байгаа юм” гэдгийг ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж хэллээ.
Сургалтын нээлтийн үеэр Аюуш баатрын хөшөөнд цэцэг өргөж, ажил үүргээ манлайлан хэрэгжүүлж буй тэргүүний хүмүүсийг Цагдаагийн ерөнхий газрын "Цагдаагийн гавьяа", “Хүндэт жуух”, "Спортын алдар" тэмдгээр шагнан урамшуулсан юм. Сургалт 9 дүгээр сарын 26-аас эхлэн таван өдрийн турш үргэлжилж байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ