“Их хотын залуус” олон ангит кино өчигдөөс гарч эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-11-10 11:51:19

“Боловсрол суваг” телевизийн шинэ уран бүтээл “Их хотын залуус” олон ангит кино өчигдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл боллоо.

Тус кинонд романтик учрал гэдэг зөвхөн 20-иод насныханд тохиолддог зүйл биш, 30-аад насныхныг ч тойрдоггүй гэдгийг харуулжээ.

Кинонд өөр өөр зан араншинтай 3 бүсгүй, амьдралд хандах хандлага нь өөр 3 залуугийн түүхийг өгүүлнэ. Тэдний хувьд 20-иод нас хөдөлмөрлөж, бүтээж, сурч боловсрох үе байсан бол харин 30-аад нас үеийнхээ бусад хүмүүсээс ялгаатай нь дурлах нас, догдлох үе байх болно.

Энэхүү кинонд 20-иод наснаас тунаж үлдсэн сайн найзууд болох Сэргэлэн, Хангай, Түвшин нарын хэрхэн бие биенээ түшиж, дэмжиж буйг харуулна. Сэргэлэнгийн дүрийг СТА О.Тэмүүжин, Хангайгийн дүрийг жүжигчин Ц.Ганбаяр, тэдний найз Түвшингийн дүрд СТА Д.Түвшинтөр тоглов.

Эрэгтэйчүүдээс гадна эмэгтэйчүүдийн дунд ч гэсэн жинхэнэ нөхөрлөл байдаг гэдгийг Ариунаа, Дөлгөөн, Солонго нарын үерхэлээр харуулах юм. Тэд нэг гэрт амьдардаг, нэгнийхээ сайн, муу бүх зан чанарыг мэдэх ч байгаагаар нь хүлээж авдаг, сэтгэл зүрхээрээ холбогдож чадсан маш сайн найзууд. Дөлгөөний дүрийг СТА Г.Нарансолонго, Ариунаад жүжигчин Д.Ариунцэцэг, Солонгод  СТА Д.Оюунтуул нар дүр бүтээжээ.

Нөхөрлөл, дурлал хүчтэй, амьдралд дурлах нас, догдлох сэтгэл хэзээ ч ирж болно гэдгийг харуулсан энэхүү 40 ангит киног даваа-баасан гарагийн 22.00 цагаас "Боловсрол суваг" телевизээр үзэх боломжтой.

Ж.Болор

Холбоотой мэдээ