Умард Солонгост бүртгэгдсэн сэжиг бүхий газар хөдлөлтийг "байгалийн гамшиг" гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-09-24 06:23:25
БЭЭЖИН. /Шиньхуа/. БНАСАУ-ын цөмийн туршилтын талбай орчимд бямба гарагийн үдээс хойш болсон 3.4 баллын хүчтэй газар хөдлөлт нь цөмийн туршилтын дүнд үүссэн газар хөдлөлт биш байсан гэж Хятад улсын Газар хөдлөлтийг хянан судлах газар мэдэгдсэнийг “Шиньхуа” агентлаг уламжилжээ.

Солонгосын хойгт Пхеньян цөмийн туршилт хийсний улмаас үүдэж байсан өмнөх газар хөдлөлтүүдийн талаарх мэдээлэлд тус газрын судлаачид дүн шинжилгээ хийж үзээд “Энэ удаад цөмийн туршилт хийсний улмаас газар хөдлөөгүй байна. Энэ бол байгалийн гамшиг” гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Бямба гарагт бүртгэгдсэн Рихтерийн шаталбараар 3.4 баллын хүчтэй газар хөдлөлтийн голомт нь “Пунгери” цөмийн туршилтын талбай байдаг Умард Хамгён аймаг орчимд “0” км-ийн гүнд буюу газрын гадаргууд ажээ.

Умард Солонгос энэ сарын 3-нд зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийхэд буюу ус төрөгчийн бөмбөг туршихад тус бүсэд “хүчтэй чичирхийлэл” бүртгэгдэж байсан юм.

Өмнөд Солонгосын Цаг уурын газар болон олон улсын шинжээчид ч энэ сэжиг бүхий газар хөдлөлтийг “байгалийн гамшиг” гэж үзэж байна.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ