Франц улс Өмнөд Солонгост болох өвлийн олимпийн наадмыг өнжиж магадгүй

Дэлхийд | Спорт
dorjkhand@montsame.mn
2017-09-23 08:41:49
ПАРИС. /Ройтерс/. Өмнөд Солонгост болох 2018 оны өвлийн олимийн наадамд Солонгосын хойгийн нөхцөл байдалтай холбоотойгоор манай улс оролцохгүй байж магадгүй гэж Францын Спортын сайд мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжилжээ.

Францын Спортын сайд Лаура Флессел өчигдөр мэдэгдэл хийхдээ “Хэрвээ Солонгосын хойгийн нөхцөл байдал улам муудвал манай улс баг тамирчдынхаа аюулгүй байдлыг бодон “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд оролцохгүй” гэжээ.

Үүний хариуд уг олимпийн наадмыг зохион байгуулагчид “Бид нөхцөл байдлыг нухацтай ажиглаж байгаа. Тамирчдын аюулгүй байдлыг эн тэргүүнд тавих болно” гэсэн байна.

Өмнөд Солонгосын Пёнчан хотод ирэх оны хоёрдугаар сард өвлийн олимпийн наадам болох юм.
Г.Доржханд
Холбоотой мэдээ