Ус төрөгчийн бөмбөг туршиж магадгүй гэсэн Умард Солонгосыг АНУ шүүмжлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-09-23 08:41:38
ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. Номхон далайд ус төрөгчийн бөмбөг туршиж магадгүй гэж албаны хүн нь мэдэгдсэнтэй холбогдуулан Умард Солонгосыг АНУ эрс зэмлэн буруушаалаа.

“Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Зүүн Ази ба Номхон далайн бүс нутгийн асуудал хариуцсан газрын даргын үүрэг гүйцэтгэгч Сьюзан Торнтон баасан гарагт сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Ийм туршилт хийх нь байж боломгүй түрэмгийлэл юм. Хэрвээ ийм туршилт хийсэн тохиолдолд олон улс орон нэгдэн хариу арга хэмжээ авах хэрэгтэй” гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногийн мягмар гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэх үеэрээ “Хэрвээ шаардлага гарвал манай улс өөрийгөө болон холбоотнуудаа хамгаалахын тулд Умард Солонгосыг бүрэн устгах болно” гэж хэлсэнтэй холбогдуулан Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун пүрэв гарагийн орой “Манай улс АНУ-д түүхэн дэх хамгийн хатуу чанга хариуг барих болно” гэж мэдэгдсэн юм.

“Түүхэн дэх хамгийн хатуу чанга хариу” гэж яг юу юм бол оо? гэж Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хогоос сэтгүүлчид асуухад “Номхон далайд ус төрөгчийн бөмбөг туршиж магадгүй юм” гэсэн билээ.

Энэ мэдэгдэлтэй холбогдуулан С.Торнтон хэлэхдээ “АНУ Умард Солонгосыг олон улсын хамтын нийгэмлэгээс тусгаарлахын тулд илүү шахалт үзүүлэх болно” гэжээ.

АНУ болон Умард Солонгос хоорондын харилцаа улам хурцадсаар байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Умард Солонгосын удирдагч Кимийг өчигдөр “Твиттер” хуудсандаа “галзуу эр” гэж тодорхойлон бичихийн сацуу “Энэ галзуу ард иргэдээ өлсгөлөнд нэрвэгдүүлж, хөнөөж байгаагаа юман чинээнд бодохгүй байна” гэжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ