Ирэх сарын 01-нээс халаалт өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-09-20 19:10:44
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн халаалт дулааны асуудлыг хариуцдаг Дөрвөлж компаний хамт олон өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж байна. Төвийн шугам сүлжээний шинэчлэл өргөтгөл, дулааны станц болон уурын зуухнуудын засварын ажлууд одоогоор 70 гаруй хувьтай үргэлжилж байна. Орон сууцны айл өрхүүд болон албан байгууллагуудын халаалтыг 10 дугаар сарын 01-нээс өгөхөөр төлөвлөжээ.

Сүхбаатар аймгийн гал голомт гэгддэг Дөрвөлж ОНӨҮГ өнгөрөгч жилүүдэд багагүй алдагдал хүлээж, их хэмжээний өрөнд орж, хүндхэн байдалд ороод байсан. Шинэ удирдлагын хувьд тус байгууллагын өрийг цэгцлэх, үндсэн ажлаа чанартай гүйцэтгэн байгууллагын үйл ажиллагааг хэвийн голдиролд оруулахыг зорин ажиллажээ. Үүний дүнд их өрийг тодорхой хэмжээгээр багагсгаж, одоогоор өвөлжилтийн бэлтгэл ажилдаа ханцуй шамлан ороод байгаа аж.

“Аймгийн төвийн төв шугамын засварын ажил, орон сууцнуудын дундын өмчлөлийн шугамын засвар, таван шар хорооллын шугамын бүрэн шинэчлэлийн ажил, шинээр байгуулагдсан үйлдвэр технологийн паркруу шинэ шугам тавих зэрэг ажлууд ид хийгдэж байна. Одоогоор өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 70 гаруй хувьтай үргэлжилж байгаа. 09 дүгээр сарын 15 гэхэд бүх ажлыг дуусгах төлөвлөгөөтэй байна. Дулааны станц галлагаанд бэлэн болсон, туслах уурын зуухнуудын яндан, тогоог бүрэн шинэчлээд байна. Нүүрснийхээ уурхайтай гэрээгээ байгуулсан. Энэ жилийн хувьд манайх буталсан нүүрс авч станцынхаа хэрэглээг хангана. Үндсэндээ ингээд 10 дугаар сарын 01 гэхэд өвлийн галлагаа эхэлнэ гэсэн үг. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үйл ажиллагааг дэмжиж аймаг орон нутгийн зүгээс 346 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн...” хэмээн Дөрвөлж ОНӨҮГ-ын захирал О.Дүүрэнбилэг хэллээ.
Т. Одончимэг
Холбоотой мэдээ