Элсэн баримал олны анхаарлыг татжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-09-19 13:07:15

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт болсон "Элсэн манхны баяр"-аар аав хүү хоёрын урласан элсэн баримал олны анхаарлыг ихэд татжээ. 

Тус аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх “Аялал жуулчлал, өрхийн орлого” дэд хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд говь нутгийн 9 гайхамшигийн нэг Хонгорын голын дуут манхны өвөрт “Элсэн манхны баяр-2017” арга хэмжээг зохион байгуулсан юм. 
"Монголын говийн зэрлэг амьтад болон унаган төрхөө хадгалан үлдсэн уудам тэнэгэр газар нутаг байгаль орчин, эко систем болоод алдарт “Хонгорын элс”-ийг сурталчлан таниулж жуулчдын урсгалыг нэмэх томоохон зорилгын дор уг арга хэмжээг зохион байгуулсан" гэж зохион байгуулагчид хэлж байна.
Энэ үеэр элсний баримал урласан нь оролцогчид, жуулчдын анхаарлыг ихээхэн татсан байна. Энэхүү баримлыг тус аймгийн Ханхонгор сумын уугуул С.Борхүү, түүний хүү Б.Чулуунбаатар нар бүтээжээ. 
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас энэ жилийг “Аялал жуулчлалыг-Бүх нийтэд” гэсэн уриатай ажиллаж байгаа бөгөөд элсэн манхны баяр нь уг уриаг дэмжсэн томоохон арга хэмжээ гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ