Багдад-Москва чиглэлийн шууд нислэг 13 жилийн дараа дахин сэргэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-09-18 16:08:49
КАИР./ТАСС/. 13 жилийн өмнө тасалдсан Багдад-Москва чиглэлийн шууд нислэгээ ОХУ, Иракийн эрх баригчид ням гарагт дахин сэргээжээ. Анх 2004 оноос Иракийн “Iraqi Airways” агаарын тээврийн компани Оросын нийслэл рүү нислэг үйлдэж эхэлж байжээ. ОХУ-аас Иракт суугаа Элчин сайдын яамнаас мэдээлснээр, эхний нислэгийн онгоцоор Иракийн Тээврийн сайд Финжан аль-Хамами тэргүүтэй тус улсын төлөөлөгчид Москвад хүрэлцэн ирсэн байна.  

Иракийн агаарын тээврийн "Boeing 737-800" нисэх онгоц Внуковогийн нисэх онгоцны буудалд Москвагийн цагаар 14:03-д газарджээ.

Оросын дипломатчдын мэдээлснээр, дээрх агаарын тээврийн компани Москва руу долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэх ажээ.

Багдад-Москва чиглэлийн шууд нислэгийг сэргээх асуудлыг хоёр орон 2014 оноос хойш хэлэлцэж эхэлжээ. 8 дугаар сарын сүүлээр, Иракийн агаарын тээврийн компани 9 дүгээр сараас эхлэн Багдад-Москвагийн чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа тухайгаа мэдэгджээ. Шууд нислэгийг сэргээх тухай шийдвэрийг Оросын агаарын тээврийн төлөөлөгчид Ирак улсаас ОХУ-д суугаа элчин сайд Хайдар Мансур болон “Iraqi Airways”, “ICM Group” компанийн төлөөлөгчидтэй хэлэлцээ хийснийхээ дараа зарлажээ.  
О.Барс 
Холбоотой мэдээ