Үерт нэрвэгдсэн өрхүүдэд байрны түлхүүр гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-09-18 13:44:01

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Кувейт Улсын буцалтгүй тусламжаар Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан 35 айлын сууц бүхий хотхон өнөөдөр ашиглалтад орж,  өнгөрсөн оны долдугаар сард үерийн гамшигт нэрвэгдсэн иргэд байрны түлхүүрээ гардаж авлаа.

Хотхон нь 35 байшин, 100 хүний багтаамжтай сүм, 1 өрхийн эмнэлэг, 3 гүний худаг, 6 хүний багтаамжтай халуун ус, ариун цэврийн байгууламж, тоглоомын талбайгаас бүрдэх аж. Уг бүтээн байгуулалтын ажилд зориулж Кувейт улсаас 274835 доллар хандивласныг тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Халид Яатийм Аль Фадли нээлтийн ажиллагааны үеэр  онцоллоо. Мөн аймгийн Засаг дарга А.Гылымхан аймгийн удирдлагуудын үерийн улмаас хохирол амсаж, орон байргүй болсон Өлгий сумын есдүгээр багийн иргэдэд тусламжийн гараа сунгах хүсэлтийг хүлэн авсан Кувейт Улсын ЭСЯ-д талархал илэрхийллээ.

Тус улсын зүгээс өнгөрсөн нэг жилийн хугацаанд гамшигт нэрвэгдсэн айлуудад зориулж 48 мянган ам.долларыг цахилгааны шугам, дэд станц барих, 12 мянган долларыг 5 гүнийг худаг гаргах зориулалтаар, 21 мянган долларыг хүнсний тусламж хэлбэрээр тус тус олгосон байна. Уг төслийг Монголын Улаан Загалмайн Хороо санаачлан хэрэгжүүлжээ. Мөн аймгийн ЗДТГ, Улаан Загалмайн Хорооноос хамтран байгуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж, 98 айлын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зайлшгүй байртай болгох 35 өрхийн судалгааг гаргасан байна.

Монголын Улан Загалмайн Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаагийн хэлснээр тус байгууллага ирэх 5 жилийн хугацаанд Кувейт хотхоны тохижилт.  Үйлчилгээний асуудлаар орон нутагтай хамтран ажиллаж ажээ.

Ө.Нурболат
Холбоотой мэдээ