Мьянмарын сонгуулийн дүнг өнөөдрөөс танилцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-09 10:11:56

ЯНГОН. /АР/. Мьянмар улсад ням гарагт болсон бүх нийтийн сонгуулийн дүнг даваа гарагт шат дараатайгаар танилцуулна гэж тус улсын Сонгуулийн хороо мэдэгдсэн байна.

Саналын хуудсыг тоолоход хэдэн долоо хоногийн хугацаа шаардлагатай гэж Мьянмарын Сонгуулийн хороо урьд нь мэдэгдсэн байна. Сонгуулийн урьдчилсан дүнг даваа гарагийн өглөө танилцуулах боломжтой гэж сөрөг хүчний “Ардчиллын төлөөх үндэсний лиг” нам ням гарагт мэдэгджээ.

“Хэсгүүд, тойргуудын сонгуулийн дүнг 11 дүгээр сарын 9-нөөс буюу даваа гарагаас эхлэн өдөр бүр өдөрт зургаан удаа танилцуулна” гэж Сонгуулийн хорооны мэдэгдэлд дурдсаныг Мьянмарын хэвлэлүүд уламжилсан байна.

Тус улсын Сонгуулийн хорооны дарга У Тин Эй нийслэл Нейпьидо хотод өдөр бүр орон нутгийн цагаар 16:00 цагт сонгуулийн дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийх аж.

Сүүлийн 53 жилд сөрөг хүчин анх удаа оролцсон бүх нийтийн “түүхэн” сонгууль Мьянмар улсад ням гарагт болсон юм. Тус улсын иргэд парламентын хоёр танхимын болон орон нутгийн хууль тогтоох зөвлөлийн депутатуудыг сонгожээ. Нобелийн Энхтайвны шагналт, "Ардчиллын алтан хараацай" өдгөө 70 настай Ан Сан Су Чигийн тэргүүлдэг сөрөг хүчний гол нам болох “Ардчиллын төлөөх үндэсний лиг” тойргуудын ихэнхэд ялна гэж найдаж байна.

Сонгуулийн ямар ч дүнг хүлээн зөвшөөрнө гэж тус улсын армийн командлалын төлөөлөгчид мэдэгджээ.

Олон улсын хэдэн зуун ажиглагчид, мөн тус улсын ажиглагчид, сэтгүүлчид сонгуулийн өдөр нэг ч ноцтой зөрчил бүртгээгүй байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ