Нийгмийн ухааны аймгийн II олимпиад болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-17 13:17:23
Архангай \МОНЦАМЭ\. Ардын боловсролын тэргүүний ажилтан, нийгмийн ухааны багш Ч.Энхтайван агсны нэрэмжит "Нийгмийн ухааны аймгийн II олимпиад" энэ сарын 16-ны өдөр Эрдэнэбулган сумын 2-р сургууль дээр боллоо. Анхдугаар олимпиадыг 2014 онд өөрөө зохион бйагуулж байжээ. Энэ удаагийн олимпиадыг 2-р сургуулийн түүхт 60 жилийн ойн босгон дээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

Олимпиадын үеэр МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Философийн багш доктор, профессор Р.Дарьхүү Архангай аймгийн нийгмийн багш нарт “Нийгэм-Хүмүүнлэгийн ухааны сургалтын агуулга, арга зүйн шинэчлэлийн асуудал”-аар лекц уншиж санал бодолоо солилцож, Ч.Энхтайван агсны нэрэмжит "Нийгмийн ухааны кабинетад Философи, нийгэм судлалын холбогдолтой ном, товхимолуудыг байршуулсан нь оюуны томоохон хөрөнгө оруулалт болсон юм.

Олимпиадад есөн сургуулийн З0 гаруй сурагч, нийгмийн багш нар оролцсон бөгөөд 1-р байрыг Ихтамир сумын ЕБС-ийн сурагч Б.Хоролжүсэм, Багш Д.Цэрэндэжид 2-р байрыг Тариат сумын ЕБС-ийн сурагч Ө.Даваабаяр, Багш О.Булганхангай, 3-р байрыг Ихтамир сумын сурагч Б.Номин, Багш Д.Цэрэндэжид, тусгай байрыг Эрдэнэбулган сумын “Эрдэм” ЕБС-ийн сурагч Б.Азбуян, Багш А.Мөнхбилэг нар эзэлжээ.

Зохион байгуулагчдын зүгээс Ч.Энхтайван агсныг хүндэтгэн дурсаж, өсвөр хойч үеийнхэнд түүний алдар гавьяаг сурталчлан мөнхжүүлэх, сурагчдыг нийгмийн ухааны хичээлд сонирхолтой болгох, мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор түүний нэрэмжит “Нийгмийн ухааны олимпиад”-ыг уламжлал болгон явуулахаар болжээ.

Олимпиадад Архангай аймгийн II сургуулийн захирал Н.Гэрэлчулуун, Архангай аймгийн боловсрол, соел урлагийн газрын арга зүйн хэлтсийн дарга Ж.Дэнсмаа, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Философийн багш доктор, профессор Р.Дарьхүү нар оролцсон байна.                 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ